/Euronews/. Европын олон оронд “COVID-19” халдварын тохиолдлын тоо дахин нэмэгдэх болоод байна. Үүнтэй холбоотойгоор вакцинд хамрагдаагүй иргэдэд хөл хорио тогтоохоос эхлээд үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хязгаарлах, вакцинжуулалтын түвшнийг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна.
Словак
Словакт халдварын үзүүлэлтүүд эрс нэмэгдсэний улмаас эмнэлгийн ачаалал ихээхэн нэмэгдээд байгаатай холбогдуулан вакцинд хамрагдаагүй хүмүүст шинэ хязгаарлалтуудыг тогтоохоор төлөвлөж байгаа талаар тус улсын Ерөнхий сайд мягмар гарагт мэдэгдлээ.
Ерөнхий сайд Эдуард Хегерийн мэдээлснээр, Засгийн газар эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүдээс бүрдсэн зөвлөх бүлгийн дэвшүүлсэн саналын талаар пүрэв гарагт санал хураалт явуулах бөгөөд хэрэв батлагдвал гурван долоо хоногийн хугацаанд хэрэгжүүлэх төлөвтэй байна.
Санал болгосон арга хэмжээнүүдийн дагуу вакцинд хамрагдаагүй иргэдийг худалдааны төв, бялдаржуулах төв, усан бассейн, зочид буудлаар үйлчлүүлэхийг хориглож, спортын тэмцээн гэх мэт олныг хамарсан үйл ажиллагаанд оролцох боломжгүй болно.
Мөн ажилдаа явахдаа коронавирусний шинжилгээний хариугаа сөрөг гарсныг батална. Ерөнхий сайдын хэлснээр, эдгээр арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсний дүнд нөхцөл байдал сайжрахгүй бол Засгийн газар нэмэлт хязгаарлалтуудыг тогтооход бэлэн байна.
Словакт даваа гарагт л гэхэд “COVID-10”-ийн улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо 225-аар нэмэгдэж, 2826-д хүрсэн гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ. Ийнхүү эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн 81 хувь нь вакцинд бүрэн хамрагдаагүй байгаа аж.
Европын Холбооны /ЕХ/ орнуудаас халдварт хамгийн их нэрвэгдсэн орны нэгд тооцогдож буй Словак нь вакцинжуулалтын үзүүлэлтээрээ 27 орныхоо дунд доогуур жагсаж байна. Тодруулбал, 5.5 сая хүн амын ердөө 45 хувь нь вакцины бүрэн тунд хамрагджээ.
Итали
Италид 12 дугаар сард болох баярын улирлаас өмнө халдварын үзүүлэлтүүдийг сааруулахын тулд ногоон паспортын журмыг чангатгаад байна.
Шинэ хязгаарлалтуудын хүрээнд зорчигдчын хэн нэгэнд халдварын шинэ тэмдэг илэрсэн тохиолдолд галт тэргийг зогсоож, таксины бүх жолоочоос хүчин төгөлдөр ногоон паспорттой байхын шаардахын сацуу арын суудалдаа хоёроос илүүгүй зорчигч тээвэрлэх ёстой болжээ.
Италийн эрх баригчид 10 дугаар сарын сүүлээр олон улсын зорчих хөдөлгөөний хязгаарлалтуудаа шинэчилсэн юм. Үүнд улс орнуудыг халдварын нөхцөл байдлыг нь харгалзан таван ангилалд хуваасан боловч одоогоор Европын ихэнх орнууд “C” ангилалд багтаж байна. Гэхдээ ирэх 12 дугаар сарын 15-нд энэхүү журмыг шинэчилнэ.
Италид даваа гарагт халдварын улмаас 44 хүн нас барсан нь өмнөх өдрийнхөөс зургаагаар нэмэгдсэн байна. Харин халдварын тохиолдлын тоо ням гарагт 7569-өөр нэмэгдсэн бол даваа гарагт 5144 болж буурчээ. Тус улс нь халдвараар нас барсан тохиолдлын тоогоороо Европтоо Их Британийн араас хоёрдугаарт бичигдэж байгаа юм.
Украин
Украинд мягмар гарагт халдварын 832 тохиолдол илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Энэ өдөр Ерөнхийлөгч Владимир Зеленский вакцины хоёр тунд хамрагдсан хүмүүст 1000 гривна буюу ойролцоогоор 33 евро олгохоор болсныг мэдэгджээ.
2021 оны эхэн үеийн байдлаар Украинд дундаж нэрлэсэн цалин 13 мянга орчим гривна байгаа бол цалингийн доод хэмжээ 6000 гривна байгааг тус улсын Статистикийн газрын мэдэээл харуулж байна.
Улсын хэмжээнд хэчнээн хүн вакцины хоёр тунд бүрэн хамрагдсан талаарх статистик мэдээллүүд өөр хоорондоо эрс тэс ялгаатай байгаа бөгөөд энэ үзүүлэлт ойролцоогоор 20-28 хувьтай байна. Нийт 41 сая хүн амтай Украинд сүүлийн долоо хоногуудад хязгаарлалтын арга хэмжээнүүдийг дахин тогтоогоод байна.
Австри
Даваа гаргаас Австрид вакцинд хамрагдаагүй хүмүүст хөл хорио тогтоолоо. 11 дүгээр сарын 15-ны шөнө дундаас хэрэгжиж эхэлсэн энэхүү журмын дагуу 12 болон түүнээс дээш насны иргэдийг ажил, хичээлдээ явах, хүнсний дэлгүүр орох зэргээс бусад тохиолдолд гадуур гарахыг хоригложээ.
Мөн цагдаагийн эргүүлүүдийн тоог нэмэгдүүлж, зөрчил гаргасан хүмүүсийг 1450 хүртэлх еврогоор торгоно. Австрийн Канфлер Александр Шалленберг “Oe1” радиод ярилцлага өгөх үеэрээ, одоогийн нөхцөл байдлаас гарах цорын ганц арга зам нь вакцинжуулалт гэдгийг цохон тэмдэглэжээ.
Тэрбээр хүн амын 64 орчим хувь нь вакцинд бүрэн хамрагдаад буйг маш сул үзүүлэлт хэмээн тодорхойлжээ. Австрид өнгөрсөн долоо хоногт 100 мянган хүн тутамд 849.2 шинэ тохиолдол илэрсэн байна.
Герман
Германд сүүлийн долоо хоногт 100 мянган хүн тутамд 303 шинэ тохиолдол илэрсэн нь цар тахал дэгдсэнээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Тийнхүү Берлин хотыг хамардаг Бранденбург муж вакцинд хамрагдаагүй хүмүүсийг зоогийн газар, музей зэрэг үйлчилгээний газраар үйлчлүүлэхийг хориглосон хэд хэдэн мужийн нэг болоод байна.
Германд намрын уламжлалт баярын амралтын дараа халдварын үзүүлэлтүүд эрс нэмэгдэж эхэлсэн байна. Удахгүй албан тушаалаа хүлээлгэн өгөх гэж буй Канцлер Ангела Меркель бямба гарагт вакцин хийлгэх эсэхээ шийдээгүй байгаа хүмүүст хандан дархлаажуулалтад хамрагдахыг уриалжээ. Түүнчлэн хүндхэн цаг үе ирж буйг анхааруулсан байна.
Өнгөрсөн долоо хоногт Германы Өвчинд хяналт тавих төв олноор цуглахаас аль болох зайлсхийхийг иргэдэд уриалсан бөгөөд цаашид дахин зайнаас ажиллах боломжийг судалж магадгүй байна. Хүн амын гуравны хоёр нь вакцинд бүрэн хамрагдсанаас хойш энэ үзүүлэлт дорвитой нэмэгдэхгүй байгаа бөгөөд одоо нэмэлт тунгийн дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг зорьж байна.
Нидерланд
Нидерландад “COVID-19”-өөр халдварласан хүмүүсийн тоо дахин нэмэгдэж, баасан гарагт хамгийн олон буюу 16364 тохиолдол илэрсний дараа Засгийн газар бямба гаргийн орой гурван долоо хоногийн хугацаатай хэсэгчилсэн хөл хорио тогтоож, шөнийн цэнгээний газар, зоогийн газруудад 20 цаг хүртэл ажиллах шаардлага тавьжээ.
Нийт 17.5 сая хүн амтай тус улсад насанд хүрсэн хүн амын 84 гаруй хувь нь вакцинд бүрэн хамрагдсаныг үл харгалзан халдварын тохиолдлын тоо нэмэгдэх болоод буй юм. Хөл хорио тогтоох шийдвэр гарсны дараа хойд нутгийн Леуварден хотын төв талбайд олон зуун залуус эсэргүүцлийн жагсаал өрнүүлжээ.
Бельги
Бельгид эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо долоо хоногт 30 хувиар нэмэгдэж байна. Иймд Засгийн газар “COVID-19”-ийн тархалтыг хяналтад авах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх тухай хуралдааныг баасан гарагт товлоод байсныг лхагва гарагт болгон урагшлуулаад байна.
Өнөөдрийн байдлаар эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй өвчтөнүүдийн тоо 500 давсан нь эмнэлгийн ачааллыг нэмэгдүүлээд байна. Бельгид сар орчмын өмнөөс халдварын тохиолдлын тоо нэмэгдэж эхэлсэн тул Засгийн газар хэдхэн долоо хоногийн өмнө сулруулаад байсан хязгаарлалтуудаа дахин тогтооход хүрсэн юм. Гэвч халдварын үзүүлэлтүүд нэмэгдсэн хэвээр байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт өдөр тутам 10 мянгаас дээш тохиолдол илэрчээ.
Швейцар
Швейцарт баасан гарагт халдварын 4000 орчим шинэ тохиолдол илэрсний дараа “COVID-19”-тэй тэмцэх асуудал хариуцсан ажлын хэсгийн дарга Танжа Стадлер энэ өвөл эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх өвчтөнүүдийн тоо 30 мянгад хүрч болзошгүйг анхааруулжээ.
Тус улсын хүн амын 64.9 хувь нь вакцинд бүрэн хамрагдаад байгаа ч вакцинд үл итгэгчид дархлаажуулалтын хөтөлбөрийг эсэргүүцэн жагсаж, Цюрих тэргүүтэй хотод цагдаа нар вакцинжуулалтын төвүүдийг хамгаалахад хүрчээ.
Болгар
Болгар нь “COVID-19”-ийн улмаас нас барсан тохиолдлын тоогоороо дэлхийд дээгүүр жагсаж байгаа юм. Тус улсад сая хүнд ногдох нас барсан тохиолдлын үзүүлэлт 283.68 байгаа бөгөөд халдвар үргэлжлэн тархсан хэвээр байна.
Үүнтэй холбоотойгоор Болгарын эмнэлгүүд яаралтай бус бүх мэс заслыг хийх хугацааг түр хугацаагаар хойшлуулж, “COVID-19”-өөр халдварласан өвчтөнүүдийг эмчилж байна.
Мөн сургуулиудын сургалтыг танхимаар үргэлжлүүлэхийн тулд хүүхдүүдийг долоо хоног тутам шинжилгээнд хамруулах шийдвэрийг эцэг эхчүүд эсэргүүцэж байна. Түүнчлэн ногоон паспортыг эсэргүүцсэн жагсаал гурав дахь долоо хоногтоо үргэлжилж байна.
Жилийн дотор бүх нийтийн гурав дахь сонгуулиа ням гарагт явуулсан Болгарт вакцинжуулалтын түвшин дөнгөж 23 орчим хувьтай байна.
Румын
Румынд Болгарын нэгэн адил халдвараар нас барсан тохиолдлын тоо нэмэгдэж, нийслэлийн төв эмнэлгийн цогцос хадгалах газар дүүрчээ.
Итали, Герман, Унгар, Автри, Польш зэрэг Европын таван орон хүнд өвчтөнүүдийг нь хүлээн авч эмчлэх саналыг Румынд тавиад байгаа бөгөөд өнгөрсөн лхагва гарагт хүнд хэлбэрээр өвчилсөн Румыны дөрвөн иргэнийг Итали руу илгээжээ.
Серби
Серби нэгдүгээр сарын эхэн үеэс олон вакцин үйлдвэрлэгчээс олон тооны вакцин татан авсан хэдий ч вакцинд бүрэн хамрагдсан хүмүүсийн үзүүлэлт тавдугаар сараас хойш саарч, 43 хувьтай хэвээр байна. Долоон сая орчим хүн амтай тус улсад есдүгээр сарын дунд үеэс хойш өдөрт дунджаар таван мянгаас дээш тохиолдол илрэх болоод байна.
Үүнтэй холбогдуулан Засгийн газар зоггийн газар, кафе, шөнийн цэнгээний газар гэх мэт үйлчилгээний газруудад 22 цагаас хойш үйлчлүүлэгчдээс “COVID-19”-ийн гэрчилгээгээ үзүүлэхийг шаардах гэх мэт хөнгөн арга хэмжээнүүдийг дахин тогтоогоод байна. Сербийн Ерөнхий сайд Ана Брнабич өнгөрсөн сард "вакцинжуулалт эхлэхээс өмнө хэрэгжүүлж байсан арга хэмжээнүүдийг дахин тогтооход хүрнэ гэж бодохгүй байгаагаа” илэрхийлжээ.
Хорват
Хорватад халдварын үзүүлэлтүүд нэмэгдэх болсноос шалтгаалан сүүлийн өдрүүдэд вакцинд хамрагдах хүсэлтэй хүмүүсийн тоо эрс нэмэгджээ. 4.2 сая хүн амтай тус улсад вакцинжуулалтын явц зогсонги байдалд ороод байсан ч мягмар гарагт 15 мянган хүн эхний тундаа хамрагдсан байна.
Харин Засгийн газар захиргааны байгууллага, төрийн албан хаагчдаас “COVID”-ийн гэрчилгээг заавал шаардах төлөвлөгөөнийхөө талаар танилцуулсны дараа вакцинд үл итгэгчид олон хотод жагсаал цуглаан өрнүүлжээ.
Грек
Грект халдварын тав дахь давлагаа дэгдээд байна. Тус улсад сүүлийн долоо хоногт өдөрт дунджаар 6710 тохиолдол илэрч, Салоники, Волос зэрэг хотын эмнэлгүүдэд эрчимт эмчилгээний тасгийн орнууд дүүрчээ.
Засгийн газар, Эрүүл мэндийн яам вакцинжуулалтыг эрчимжүүлэх, улсын эмнэлэгт сайн дураараа тусламж үзүүлэхийг хувийн эмнэлгүүдээс хүсэх зэргээр холбогдох арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна.
Хүн амын гуравны хоёр нь вакцины хоёр тунд хамрагдсан тул вакцинжуулалтын түвшин харьцангуй сайн байгаа ч бүс нутгуудын үзүүлэлт өөр хоорондоо эрс тэс ялгаатай байна. Тухайлбал, хойд нутгийн бүсүүдэд 50 хүрэхгүй хувьтай байна.
Латви
Өнгөрсөн сард Латвид 20-05 цагийн хооронд хөл хорио тогтоож, ихэнх дэлгүүрийг хааж, энтертайнмент, спорт, соёлын үйл ажиллагаануудыг зохион байгуулах хориглосон юм.
Эдгээр хязгаарлалтуудын хэрэгжих хугацаа даваа гарагт дууссан бөгөөд Засгийн газар арга хэмжээнүүдээ шинэчилж, вакцинд хамрагдсан, халдвараас эдгэрснийг батлах гэрчилгээг бүх төрлийн үйлчилгээ авахад нэвтрүүлж байна. Харин вакцинд хамрагдаагүй хүмүүсийн хувьд хязгаарлалтыг үргэлжлүүлэн мөрдөнө.
Дани
Данид халдварын тохиолдлын тоо нэмэгдэх болсон тул баасан гаргаас “COVID-19”-ийн цахим гэрчилгээг дахин хэрэглэж эхлэхээр болжээ.
Улмаар ирэх сараас шөнийн клуб, кафе, зоогийн газраар үйлчлүүлэхдээ хүчин төгөлдөр гэрчилгээгээ заавал үзүүлэх шаардлагатай болно. Мөн 15-аас дээш насны иргэд гадаа талбайд зохион байгуулах 2000-аас дээш хүн оролцсон үйл ажиллагаанд оролцоход “COVID-19”-ийн гэрчилгээ шаардлагатай ажээ.