Японы мэргэжлийн сумо бөхийн Кюүшү башё 3 дахь өдрийн барилдаанд 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Вакатакакаге /М-1/-тэй учраа таарч, түүнийг ошидаши мэхээр хаяснаар 3 даваатай болов.
Энэ өдөр Комүсүби Ичиножёо А.Ичинноров, Таканошо/М-2/-той барилдан түүнийг цүкиотоши мэхээр давснаар 2 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Харин Хошёорюү С.Бямбасүрэн /М-5/, Ура /М-7/-тай хүч үзэж түүнд хикиотоши мэхээр ойчиж 1 даваа, 2 унаатай болов. Тамаваши Б.Мөнх-Оргил/М-6/, Шиманоүми /М-6/-тэй учраа таарч түүнийг ошидаши мэхээр давж 2 даваа, нэг унаатай болсон бол Чиёошома Г.Мөнхсайхан /М-7/, Тобизарюү /М-8/-тэй барилдаж, түүнийг ёрикири мэхээр давж 3 даваатай болов. Тэрбээр маргааш Тамаваши Б.Мөнх-Оргилтой барилдана.
Энэ өдөр Озэки Шодай, Оношо /М-2/-той таарч барилдан, түүнийг хатакикоми мэхээр давж 2 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байгаа бол Озэки Такакэйшо, Комүсүби Кирибаяама Б.Лхагвасүрэнтэй хүч үзэн түүнийг цүкиотоши мэхээр унагаснаар 3 даваатай боллоо.
Харин Сэкивакэ Митакэүми, Дайэйшо /М-1/-г сүкүинаге мэхээр давж 3 даваатай байгаа бол Сэкиваке Мэисэй, Окиноүми /М-3/-тэй таарч түүнийг ёрикири мэхээр давж 1 даваа, 2 унаатай байна.