/Yonhap/. БНСУ-д “COVID-19”-ийн вакцинд бүрэн хамрагдсаны дараа коронавирусээр халдварласан 35 мянга гаруй тохиолдол илэрсэн талаар тус улсын эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд өнөөдөр мэдээлжээ.
Солонгосын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, 11 дүгээр сарын 7-ны байдлаар вакцины бүрэн тунд хамрагдсанаасаа хойш хоёр долоо хоногийн дараа халдвар авсан 35620 тохиолдол илэрсэн байна.
Тухайн өдрийн байдлаар улсын хэмжээнд 35 907 789 хүн вакцинд бүрэн хамрагдаад байсан тул 0.099 хувь нь халдвар авсан гэсэн үг юм. Тодруулбал, вакцинд бүрэн хамрагдсан 100 мянган хүн тутамд 99.2 тохиолдол илэрчээ.
Тийнхүү халдвар авсан хүмүүсийг нас бүлгээр авч үзвэл, 80 болон түүнээс дээш насныхан хамгийн олон буюу 100 мянган хүн тутамд 183.4 хүн халдвар авсан байна. Түүнчлэн нийт тохиолдлуудаас 545 хүний биеийн байдал хүндэрч, 170 хүн нас баржээ.
БНСУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд “COVID-19” халдварын 2125 тохиолдол илэрснээр цар тахал дэгдсэнээс хойш бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 399 591-д хүрчээ. Тус улсад өдөрт илэрсэн халдварын тохиолдлын тоо сүүлийн долоо хоног дараалан 2000 даваад байна.