/CCTV/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нар 15 минутын завсарлага авсны дараа цахим уулзалтаа үргэлжлүүлж байна гэж Хятадын төв телевиз мэдээлэв.
Уулзалтын эхний хэсэг хоёр цаг орчим үргэлжилсэн бөгөөд төрийн тэргүүн нар “хоёр орны харилцааны талаар болон харилцан сонирхсон асуудлаар санал солилцжээ”.
Хятадын төв телевизээр мэдээлснээр, хоёр удирдагчийн цахим уулзалт Бээжингийн цагаар 08:46 цагт эхэлсэн байна.
Уулзалтыг 1+5 хэлбэрээр зохион байгуулж байгаа юм. Ши Жиньпиний төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ХКН-ын Төв Хорооны Тамгын газрын дарга Дин Шюэсян, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шадар сайд Лю Хэ, ХКН-ын Гадаад харилцааны төв хорооны дарга Ян Жечи, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд, Төрийн зөвлөлийн гишүүн Ван И, БНХАУ-ын ГХЯ-ны дэд сайд Шие Фэн нар орсон байна. Америкийн талаас уулзалтад тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Жейк Салливан, Сангийн сайд Жанет Йеллен, Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Энэтхэг-Номхон далайн асуудал хариуцсан зохицуулагч Курт Кэмпбелл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Хятад улсыг хариуцсан ахлах захирал Лаура Розенбергер нар оролцож байна.
Хоёр удирдагч Ж.Байденыг 2021 оны нэгдүгээр сард үүрэгт ажилдаа орсноос хойш анхны албан ёсны уулзалт хийж буй юм. Өмнө нь тэд захидлаар харилцаж, утсаар ярилцаж байсан юм. Ж.Байден, Ши Жиньпин нар хамгийн сүүлд есдүгээр сарын 10-нд утсаар ярьжээ.