БНХАУ-ын талтай хариу зөрдөггүй PCR шинжилгээний төхөөрөмж авна

оруулсан Алсын Хараа

Монгол Улс, БНХАУ-ын хил нээхэд шаардлагатай чингэлэг тээвэр, тусгаарлах байр, хятадын талтай хариу зөрдөггүй PCR шинжилгээний төхөөрөмж зэргийг шуурхай шийдвэрлэхэд Засгийн газар бүх талаар дэмжинэ гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан өнөөдөр Дорноговь аймгийн удирдлагууд, жолооч нартай уулзахдаа онцоллоо.

БНХАУ-ын Эрээн хотод коронавирусний халдвар тархсантай холбогдуулан Эрээн автозамын боомтын үйл ажиллагааг өнгөрсөн сарын 14-нөөс тодорхойгүй хугацаагаар зогсоож, Замын-Үүд боомтоор орж ирдэг ачаа тээвэр тодорхойгүй хугацаагаар саатаад байна. Үүсээд буй асуудлыг шуурхай шийдвэрлэж, хилийн нэвтрэн өнгөрүүлэх чадварыг нэмэхээр Хилийн боомтын үндэсний зөвлөлийн дарга Сангийн сайд Б.Жавхлан, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх,  Эрүүл мэндийн сайд С.Энхболд, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, ГХЯ-ны ТНБД Ц.Анхбаяр, ХХЕГ-ын дарга Х.Лхагвасүрэн, Гаалийн Ерөнхий газрын дарга Б.Асралт, МХЕГ-ын дарга Т.Гантулга, ЗТХЯ-ны газрын дарга Ё.Жаргалсайхан нар Замын-Үүд боомтын ажил байдалтай танилцлаа.

Замын-Үүд боомтоор Монгол Улсын импортын бараа бүтээгдэхүүний 70 хувь орж ирдэг бол, экспортын бүтээгдэхүүний 6 орчим  хувь  нь гардаг. Өнөөдрийн байдлаар автозамын боомтоор улсын хил нэвтрэх дараалалд бүртгүүлсэн 5359 тээврийн хэрэгсэл байна. БНХАУ-ын талаас чингэлэг тээврийн терминал байгуулах, жолооч хоорондын харилцаа үүсэхгүй байхаар тээвэр ложистикийн үйлчилгээг цаашид нэвтрүүлэх саналыг ГХЯ-д тавьсан. Хятадын талаас тавьсан саналыг хүлээн авч богино хугацаанд хилээ нээх, бараа бүтээгдэхүүний эргэлтээ хэвийн түвшинд хүргэх асуудлаар Дорноговь аймгийн удирдлага, хилийн боомтын зөвлөл, жолооч нартай уулзахдаа ярилцав. Замын-Үүдэд тээвэр хийж буй жолооч нарын хувьд аль болох богино хугацаанд тээвэрт гарах боломжоор хангаж өгөхийг хүсэж буйгаа илэрхийллээ.

Цаашид хилийн нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх, халдвар хамгааллын дэглэм чанд баримталж, шийдвэр гаргах түвшинд жолооч нарын төлөөлөл, хяналтыг бий болгох, богино хугацаанд хэвийн ажиллах нөхцөл бүрдүүлэхийг сум орон нутгийн удирдлага, хилийн боомтын захиргаанд үүрэг болголоо.

Сэтгэгдэл бичих