Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Япон Улсын Токүшима дахь Өргөмжит консул Ш.Каваүчиг энэ сарын 15-нд хүлээн авч уулзав.
“Чингис хаан” музей байгуулах ажлын хүрээнд “Гадаадын улс орнуудаас бүрдүүлэх, хуулбарлах эд өлгийн зүйлсийн жагсаалт”-ын дагуу хилийн чанадад хадгалагдаж буй Монголын түүх, өв соёлд холбогдох түүхийн эх сурвалж, архивын баримт, хөшөө дурсгал, эд өлгийн зүйлсийг судлан тогтоох, эх хувиар болон хуулбарлан авах ажлыг ГХЯ нэгдсэн удирдлагаар ханган зохицуулан ажиллаж байгаа билээ.Энэ хүрээнд Өргөмжит консул Ш.Каваүчи Япон Улсын Эзэн Хааны ордонд хадгалагдаж буй “Юань гүрний цэргийн довтолгооныг дүрсэлсэн хуйлмал гар зургууд” болон Нара мужийн “Тэнри” их сургуулийн номын санд хадгалагдаж буй Чингис Хааны “Гэрэгэ”-ний А хуулбарыг Япон Улсад хийлгэж, өнөөдөр Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжинд албан ёсоор гардуулав.
Дэд сайд Б.Мөнхжин Өргөмжит консул Ш.Каваүчид талархал илэрхийлэв. Мөн 2022 онд тохиох Монгол, Японы дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг хоёр тал “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил” болгож, жилийн турш ёслол төгөлдөр тэмдэглэхээр төлөвлөж буйг онцлоод, ойн хүрээнд Кансай бүс нутагт Монгол Улсыг сурталчлан таниулах ажлыг зохион байгуулахад хамтран ажиллахыг хүсэв.