Агаарын тээврийн салбар 2022 онд дахин алдагдал хүлээх төлөвтэй байна

оруулсан Алсын Хараа

Ирэх онд аялал жуулчлалын салбарын эрэлт цар тахлын өмнөх үеийнхээс бага хэвээр байх төлөвтэй байгаатай холбоотойгоор дэлхийн агаарын тээврийн салбар 12 тэрбум ам.долларын алдагдал хүлээх тооцоотой байна гэж Олон улсын агаарын тээврийн холбооноос /IATA/ мэдээлжээ.

Энэхүү салбар нь 2021 онд 52 тэрбум ам.долларын алдагдал хүлээх төлөвтэй байгаа бол ирэх онд Хойд Америкийн агаарын тээврийн компаниуд бусад бүс нутгийн компаниудаас түрүүлж ашиг орлого олж эхэлнэ гэж тус байгууллага таамаглаж байна. “IATA” нь агаарын тээврийн 290 компани буюу дэлхийн агаарын тээврийн салбарын 83 хувийг төлөөлдөг.

“2022 онд олон улсын зорчих хөдөлгөөний төлөв байдал хэрхэх нь “COVID-19”-ийн вакцинжуулалтын явц, Засгийн газруудын бодлогоос хамаарах төлөвтэй байна. Харин дотоодын аялал жуулчлалын үзүүлэлтүүдийн хувьд өндөр хэвээр байна” гэж "IATA"-гийн хэтийн төлөвийн тайланд дурджээ.

Зарим орны Засгийн газар “COVID-19”-ийн вакцинжуулалтын түвшнээ харгалзан хязгаарлалтын арга хэмжээнүүдийг сулруулж, хэрэглэгчдийн итгэл нэмэгдсэн нь хөл хорио тогтоосон өнгөрсөн оныхтой харьцуулахад зорчих хөдөлгөөнийг нэмэгдүүлж байна. Дэлхийн хэмжээнд аялал жуулчлалын эрэлт энэ онд 2019 оны түвшний 18-40 хувьд хүрсэн бол ирэх онд 51-60 хувьд хүрч өсөх төлөвтэй байна.

Япон улсын хувьд, “All Nippon Airways” компанийн эцэг компани болох “ANA Holdings” агаарын тээврийн компани нь 2022 оны гуравдугаар сар хүртэлх санхүүгийн жилд 100 тэрбум иений /880 сая ам.доллар/ алдагдал хүлээж, хоёр жил дараалан алдагдалтай ажиллах төлөвтэй байгаа талаар 10 дугаар сарын сүүлээр мэдээлсэн юм.

Мөн тус компанийн дотоодын өрсөлдөгч “Japan Airlines” компани энэ санхүүгийн жилд 146 тэрбум иений алдагдал хүлээх төлөвтэй байгаа талаараа саяхан мэдээлжээ. Үүнээс шалтгаалан эдгээр компанийн аль аль нь тогтмол зардлаа бууруулахын тулд “All Nippon Airways” 9000, “Japan Airlines” 2500 ажилтнаа цомхотгохоор болжээ.

Бүс нутгаар авч үзвэл, 2022 онд Хойд Америкийн агаарын тээврийн компаниуд 9.9 тэрбум ам.долларын ашигтай ажиллах төлөвтэй байна. Харин Европын компаниуд хамгийн их буюу 9.2 тэрбум ам.доллар, Ази, Номхон далайн орнуудын компаниуд 2.4 тэрбум ам.долларын алдагдал хүлээх урьдчилсан тооцоотой байна.

Сэтгэгдэл бичих