/Reuters/. Норвеги улс 18-аас дээш насны бүх иргэндээ коронавирусний вакцины гурав дахь тунг хийлгэхийг санал болгож, “COVID-19”-ийн цахим гэрчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
“18 ба түүнээс дээш насны хүн бүр ирэх оны эхнээс вакцины гурав дахь тунг хийлгэх боломжтой болно” гэж тус улсын Ерөнхий сайд Йонс Гар Стёре мэдэгдсэн байна.
Норвегид коронавирусний гуравдугаар тунг зөвхөн 65-аас дээш насны хүмүүст хийж байгаа юм. Одоогийн байдлаар тус улсын насанд хүрсэн хүн амын 87 орчим хувь нь дор хаяж хоёр тун вакцин хийлгэсэн байна. Гэсэн хэдий ч тус улсад төдийгүй Европ даяар өвчлөл нэмэгдэж байгаа юм.
Норвегид 18 сарын турш хэрэгжсэн хорио цээрийн хязгаарлалтыг есдүгээр сарын сүүлчээр цуцалжээ. Одоогийн байдлаар тус улсад дахин хөл хорио тогтоогоогүй ч нийтийн хоолны газар, спорт заал, концерт гэх мэт газруудаар үйлчлүүлэх цахим гэрчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
Түүнчлэн вакцин хийлгээгүй эмнэлгийн ажилтнууд долоо хоногт хоёр удаа коронавирусний шинжилгээ өгч, амны хаалт зүүх журмыг дагаж мөрдөх ёстой гэж Норвегийн Эрүүл мэндийн сайд Ингвильд Хьеркол мэдэгджээ.