УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийв.
Төр зардлаа танаж, цомхон чадварлаг бүтцээр ажиллах, төрийн үйлчилгээний санхүүжилтийн механизмыг өөрчлөх замаар боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, халамжийг цэгцэлж хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, ирээдүйн өв сангийн өгөөжийг нэмэх, хотын түгжрэлийг бууруулах зэрэг томоохон зорилт тавьсан байна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журмыг сахиулах, улсын онц чухал обьектын хэвийн ажиллагааг хангах, халдлагаас урьдчилан сэргийлэх, хамгаалалтын дэглэм журмыг сахиулах, хил хамгааллын чадавхыг бэхжүүлэх төсвийг тооцжээ. Мөн согтуурах, мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэхэд цахим гав нэвтрүүлэх, цахим виз олгох, экологийн шинжээч ажиллуулж, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт үйлдлийн байгаль орчинд учирсан хохирлыг шинжлэн тогтоох зэрэг нийгмийн харилцааг зохицуулах төсвийг тусгажээ. Түүнчлэн шүүх эрх мэдлийн бие даасан байдлыг бэхжүүлэх, шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороог бие даан ажиллуулах, шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнг байгуулах, шүүхийн үйлчилгээг иргэнд хүртээмжтэй хүргэхэд чиглэсэн байдлаар төсвийг санхүүжүүлэхээр тооцсон байна. Дээрх бодлогын үр дүнд Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн нийт орлого 16.4 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 18.2 их наяд төгрөг, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал 2.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувьд хүрч, эдийн засаг 5 хувиар өсөхөөр Засгийн газар төсөөлжээ.
Чуулганы хуралдааны үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат УИХ-аас эдийн засаг, ажлын байрыг дэмжих ажлын баг гаргах санал гаргалаа. Уг саналыг дэмжиж буйгаа УИХ-ын дарга илэрхийлсэн юм.
Мөн УИХ-ын гишүүн С.Чинзориг, “Төсвийн ерөнхийлөн захирагч нарын зарцуулах зардалд өөрчлөлт орж байгаатай холбоотойгоор арилжааны банкуудад олгох зээлийн хүүгийн татаасыг 91 тэрбум төгрөгөөр бууруулах санал орж иржээ. Зээлийн хүүгийн татаасыг бууруулчихаар Засгийн газраас олгох арван их наяд төгрөгийн төлөвлөгөөний хүрээн олгох зээлийн хэмжээ буурах эрсдэлтэй юу” хэмээн тодруулав.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, “2022 оны төсөв хэлэлцэх үед УИХ-ын гишүүдээс 91 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, их засвар, тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэх санал гарсан. Энэ эх үүсвэрийг зээлийн хүүгийн татаасаар арилжааны банкуудад олгох хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн. Тэгэхээр зэрэг арван их наяд төгрөгийн зээлийн хэмжээ буурна” хэмээв.
Ийнхүү хуулийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Ташрамд дурдахад, энгийн хууль, тогтоолын төслийг хэлэлцэх эсэх, анхны, эцсийн гэсэн гурван үе шаттай хэлэлцдэг бол төсвийн төслийг дөрвөн хэлэлцүүлгээр оруулдаг. Мөн төсвийг УИХ жил бүрийн 11 дүгээр сарын 15-наас өмнө батлах хуулийн заалттай. Энэ дагуу маргааш буюу энэ сарын 12-нд 2022 оны төсвийг батлахаар төлөвлөөд байна.