Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Токио-2020 зуны олимп, паралимпын наадамд амжилт гаргасан гавьяат тамирчин Э.Содномпилжээ, М.Уранцэцэг нарт өнөөдөр Хөдөлмөрийн баатар цол хүртээв.
Тодруулбал, Э.Содномпилжээ нь Токио 2020 зуны Паралимпын XVI наадамд пауэрлифтингийн төрлийн 107 кг-ын жинд 245 кг-ыг өргөж, паралимпын дээд амжилт тогтоон паралимпын Монгол Улсын 2 дахь аварга болсон юм. Монгол Улс паралимпын наадамд оролцсон 168 орноос амжилтаараа 59 дүгээр байрт шалгарсан байна.
"Токио-2020" олимпын наадмын жүдо бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-д М.Уранцэцэг хүчээ сорьж хүрэл медалийн төлөөх барилдаанд Португалийн Катарина Костатай хүч үзэн, өчих мэхээр цэвэр ялж хүрэл медаль хүртсэн юм.
Мөн Ерөнхийлөгчийн зарлигаар, Токио-2020 олимп, паралимпын наадамд тамирчдаа бэлтгэж амжилт гаргасан дасгалжуулагч Б.Баттулга, Ц.Хосбаяр нарт гавьяат дасгалжуулагч цол олгов.
Түүнчлэн жүдо бөхийн 81 кг-ын жинд зодоглож олимпын мөнгөн медаль хүртсэн Саид Моллай, эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд олимпын хүрэл медаль хүртсэн ОУХМ Б.Болортуяа нарт Сүхбаатарын одон хүртээлээ.
Ташрамд дурдахад, Япон улсын нийслэл Токио хотноо энэ оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-нд болсон “Токио-2020” зуны олимпын XXXII наадамд Монгол Улсаас спортын 10 төрөлд 43 тамирчин өрсөлдсөн билээ. Монгол Улсын шигшээ баг Токиогийн олимпын XXXII наадмаас нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар 206 орноос медалийн чанараар 71 дүгээр байрт, медалийн тоогоороо 47 дугаар байрт шалгарсан юм. Тодруулбал, Токиогийн олимпын мөнгөн медалийг жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд барилдсан Саид Моллай хүртсэн бол хүрэл медалийг жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдсан М.Уранцэцэг, эрэгтэйчүүдийн 73 кг-д Ц.Цогтбаатар, чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-д Б.Болортуяа нар хүртсэн.
Мөн паралимпын XVI наадамд таеквондо, пауэрлифтинг, байт харваа, жүдо, хөнгөн атлетик, буудлага гэсэн 6 төрөлд эмэгтэй 4, эрэгтэй 7 нийт 11 тамирчин өрсөлдсөнөөс пауэрлифтингийн төрлийн 107 кг-ын жинд Э.Содномпилжээ 245 кг-ыг өргөж, паралимпын дээд амжилт тогтоож, паралимпын Монгол Улсын 2 дахь аварга болсон юм. Монгол Улс паралимпын наадамд оролцсон 168 орноос амжилтаараа 59 дүгээр байрт шалгарсан.
Монгол Улсын баг тамирчид 1964 оноос хойш 14 зуны олимпод оролцож 2 алт, 11 мөнгө, 17 хүрэл медаль хүртэж, 133 орноос 65 дугаарт байрт орж байгаа юм.