Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Токио-2020 олимпын наадмаас медаль хүртсэн Саид Моллай, ОУХМ Б.Болортуяа нарт Сүхбаатарын одон өнөөдөр хүртээлээ.
Тодруулбал, Монгол Улсын иргэн Саид Моллай нь Токио 2020 зуны олимпын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд барилдаж мөнгөн медаль хүртсэн бол чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-д ОУХМ Б.Болортуяа хүрэл медаль хүртсэн юм.
Мөн Ерөнхийлөгчийн зарлигаар, Токио-2020 зуны паралимпын наадмын пауэрлифтингийн аварга Э.Содномпилжээ, олимпын жүдо бөхийн хүрэл медальт М.Уранцэцэг нарт өнөөдөр Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн билээ. Түүнчлэн дасгалжуулагч Б.Баттулга, Ц.Хосбаяр нарт гавьяат дасгалжуулагч цол олгосон.
Ташрамд дурдахад, Япон улсын нийслэл Токио хотноо энэ оны 7 дугаар сарын 23-наас 8 дугаар сарын 8-нд болсон “Токио-2020” зуны олимпын XXXII наадамд Монгол Улсаас спортын 10 төрөлд 43 тамирчин өрсөлдсөн билээ. Монгол Улсын шигшээ баг Токиогийн олимпын XXXII наадмаас 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилтаар 206 орноос медалийн чанараар 71 дүгээр байрт, медалийн тоогоороо 47 дугаар байрт шалгарсан. Мөн зуны олимпоос 16 хоногийн дараа явагдсан паралимпын наадамд Э.Содномпилжээ пауэрлифтингийн төрөлд дээд амжилт тогтоон олимпын аварга болсон билээ.