2040 он хүртэлх Улаанбаатар хотын хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцэв

оруулсан Алсын Хараа

НИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны өчигдрийн өргөтгөсөн хурлаар Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг хэлэлцэв.

Хуралдааны эхэнд нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг танилцуулсан юм. Төлөвлөгөөний төсөлд төрийн байгууллагын албан хаагчид, эрдэмтэн судлаач, иргэдээс санал авчээ.

Төсөлд 32 мянга гаруй иргэн саналаа ирүүлжээ. Тодруулбал, эдгээр саналын ихэнх нь гэр хорооллыг үе шаттай инженерийн шугам сүлжээнд холбох, барилгажуулах, цэцэрлэг, сургууль, эрүүл мэнд, соёл, спортын хүртээмжийг нэмэх, авто болон дугуйн зам, авто машины зогсоолыг олшруулах, хог хаягдлыг ангилан ялгах тогтолцоог нэвтрүүлэх, орон сууцанд хамрагдах болон ажлын байрыг нэмэгдүүлэх, орчны бохирдлыг багасгах, дагуул хот, тосгодыг хөгжүүлэх, хотын төвлөрлийг сааруулах тухай байжээ.

Түүнчлэн хурлаар энэ төлөвлөгөөг НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэн талаар НИТХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтэс мэдээлсэн юм.

Сэтгэгдэл бичих