Засгийн газрын бүтцэд шинээр хоёр яам байгуулна

оруулсан Алсын Хараа

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн хэлэлцлээ.

Төсөлд Эдийн засаг, хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам байгуулах, тэдгээрийн сайд нарыг Засгийн газрын бүрэлдэхүүнд нэмэх зэрэг асуудлыг тусгасан юм.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг танилцууллаа. Байнгын хороо ажлын багаас гаргасан болон УИХ-ын даргаас төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгсний дагуу гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураан шийдвэрлэсэн байна. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтын Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд “хүн амын өсөлтийг дэмжих, хүний хөгжлийг хангах нэгдсэн бодлого” гэсэн асуудлыг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн.

Мөн төслийн 1 дүгээр зүйлийн 1 дэх заалтын Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд “хүн амын нутагшилт, дасан суурьшлын ерөнхий төлөвлөлт” гэж, төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтын Цахим хөгжил, харилцаа холбооны сайдын эрхлэх асуудлын хүрээнд “мэдээллийн технологийн салбарын тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хүний нөөцийн хөгжлийн асуудал” гэж тус тус нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Э.Батшугар нар асуулт асууж хариулт авсан. Ингээд Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжсэн зарчмын зөрүүтэй 5 саналын томьёоллоор санал хураав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж хуулийн төслийн эцэслэн батлах бэлтгэл хануулахаар Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Сэтгэгдэл бичих