УДЭТ-ын 90 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээв

оруулсан Алсын Хараа

Улсын драмын эрдмийн театрын 90 жил, Монголын театрын музейн 30 жилийн ой "Соён гэгээрүүлсэн 90 жил” үзэсгэлэн болон “Тайзны урлагийн шинэчилсэн танхим”-ын нээлтийн үйл ажиллагаагаар өнөөдөр эхэллээ.

1931 онд зохиолч С.Буяннэмэх, найруулагч Ц.Гомбожавын найруулсан “Үнэн” жүжгээр Улсын төв театр үүд хаалгаа нээж байв. Тэр цагаас хойш нийгмийг соён гэгээрүүлэх ажил эхэлсэн гэж хэлж болно.

Энэхүү үзэсгэлэнд УДЭТ-ын 90 жилийн хугацаанд тайзнаа тавьсан бүх уран бүтээлийн зурагт хуудас, урилгыг дэлгэжээ. Мөн хамгийн анхны “Үнэн” жүжгээс эхлэн хамгийн сүүлд тус театрын тайзнаа тоглосон  “Хаадын хаан андгай” жүжгийн гэрэл зургийг оруулжээ.

УДЭТ-ын 90 жилийн түүх гэдэг бол Монголын соёл урлагийн түүх гэж ойлгож болно хэмээн уран бүтээлчид онцолж байна.

УДЭТ-ын захирал, СГЗ Д.Цэрэнсамбуу хэлэхдээ, “Театрын 90 жилийн түүхийг таван үечлэлд хуваан урд өмнө дэлгэж байгаагүй гэрэл зураг, түүхэн баримт бичвэрээр шинэчлэн дэглэсэн үйл ажиллагаа болж байна” гэдгийг тодотгов.

Түүхэн баримтат гэрэл зургаас бүрдсэн тус үзэсгэлэнгээс Монголын тайзны урлагийн хөгжлийн түүхийг харж болох юм.

Түүнчлэн УДЭТ-ын 90 жил, Монголын театрын музейн 30 жилийн ойд зориулсан тайз дэлгэцийн урлагийн танхимыг өнөөдөр нээсэн байна. Харин маргааш “Эрдмийн театрын элэгдэшгүй түүх”, “Алтан тайзны эзэд-2” номын нээлт болох юм.

Сэтгэгдэл бичих