Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар түгжрэлийг бууруулах асуудлаар Засгийн газрын хуралдаанд танилцуулсан асуудал, шийдвэрийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр "2022 онд нийслэл хотын түгжрэлийг бууруулахад зарцуулахаар төсөвлөгдсөн 420 тэрбум төгрөгийн задаргааг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ. Энэ төсөв цаашдаа 2023, 2024 онд тавигдаад явах учраас төлөвлөсөн ажлуудаа гурван жилдээ хийгдэх байдлаар тооцоолж байна. Өнөөдрийн хувьд зөвхөн 2022 оны төсвийн задаргааг танилцуулъя.
Нийт есөн бүлэг ажил хийхээр төлөвлөсөн.
- Нэгдүгээрт, гудамж замын сүлжээг сайжруулах, дутуу хийсэн ажлуудыг гүйцээхэд зориулж 2022, 2023, 2024 онд нийтдээ 354 тэрбум төгрөг зарцуулах төсөөллийг оруулж ирж байгаа.
- Хоёрдугаарт, 499 нэгж талбарт газар чөлөөлөх ажилд нийт 169.5 тэрбум төгрөг төсөвлөсөн.
- Гуравдугаарт, Бага тойрууд төлбөртэй 2,300 гарааш байгуулах ажилд 13.8 тэрбум төгрөг зарцуулан 2023 он гэхэд байгуулсан байна.
- Дөрөвдүгээрт, уулзваруудын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх хүрээнд 30 байршилд дахин инженерчлэл хийхээр 30 тэрбум төгрөг оруулж байгаа.
- Тавдугаарт, ухаалаг тээврийн системийг бүрдүүлэх ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр боллоо. Энэ ажилд 43.2 тэрбум төгрөг зарцуулна.
- Зургаадугаарт, нийтийн тээврийн парк шинэчлэл хийнэ. Нийт автобусны 75 хувь нь стандарт хангахгүй болсон. Орчин үеийн шаардлага хангасан 500 автобусыг оруулж ирнэ. Гэхдээ өртөг нь түгжрэлийг бууруулах 420 тэрбумаас тусдаа явж байгаа.
- Долдугаарт, гүүрэн тулгуур бүхий нийтийн тээврийг Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Гүүрэн тулгуурт нийтийн тээвэр нь дунджаар 70 км цагийн хурдтай явдаг бөгөөд энэ ажлын урьдчилгаа болгож 130 тэрбум төгрөгийг бусад эх үүсвэрээс шийдэхээр ярилцаж байна. Ерөнхий сайд энэ шийдлийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.
- Наймдугаарт, Богдхан төмөр замын төсөлд 30 орчим тэрбум төгрөгийг газар чөлөөлөлт дээр тавих зайлшгүй шаардлага үүссэн.
- Есдүгээрт, явган болон дугуйгаар зорчих иргэдийг нөхцөл бүрдүүлэх ёстой. Тиймээс дугуйн зам, явган зам, хороолол доторх замууд, туслах замыг хөгжүүлэх хүрээнд 242.1 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тавьж өгөхөөр оруулж ирж байгаа.
Түүнчлэн түгжрэлийн асуудлыг дагнан ажиллах нэгж байгуулах шаардлагатай учраас 4.9 тэрбум төгрөгийн төсөв тавьж танилцууллаа" хэмээн ярив.