Төв, суурин газрын иргэдийн махны нөөцийг бэлтгэх аж ахуйн нэгжүүдэд 81 тэрбум төгрөгийг гурван хувийн хүүтэй олгожээ.
Энэ талаар Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, “Засгийн газраас 3 хувийн хүүтэй 100 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор болсноос 81 тэрбумыг нь олгоод байна. Үлдсэн 19 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг судалж байна” хэмээн мэдээлэв.
Нийслэлийн иргэдийн хэрэглээнд зориулж 15 мянган тонн мөх нөөцлөхөөр төлөвлөснөөс одоогоор аж ахуйн нэгжүүд 5.5 мянган тонн мах нөөцлөөд байгаа аж.
Засгийн газрын өнгөрсөн долоо хоногт Хөдөө аж ахуйг дэмжих санг корпораци болгон хөгжүүлж, зах зээлийн зарчмаар нь ажиллуулах, ирэх оны нөөцийн мах бэлтгэхэд оролцуулах шийдвэр гаргасан. Энэ хүрээнд Хөдөө аж ахуйг дэмжих санг төрийн өмчит компани болгох асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн газрын хурлаар эцэслэн шийдвэрлүүлэхээр бэлтгэл хангаж буйг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэв.
Ташрамд дурдахад, Засгийн газраас махны үнийн өсөлтийг бууруулах үүднээс мах борлуулах 31 цэг байгуулахаар шийдвэрлэсэн. Үүнээс Хархорин, Саруул, Лавай, Фермер зах, Тэнгэр худалдааны төв, Амгалан зэрэг газарт махны тогтмол худалдааны цэг байгуулахаар шийдвэрлэсэн байна. Улмаар 21 аймгийн удирдлагуудтай цахим уулзалт хийж, махны гарал үүсэлд тулгуурлан борлуулах цэгт хуваарилахаар шийдвэрлэсэн гэдгийг салбарын сайд онцоллоо.