Шинээр төрсөн хоёр хүүхдийг “e-Mongolia”-гаар дамжуулан цахимаар бүртгэжээ. Тодруулбал, Амгалан амаржих газарт төрсөн, иргэн Э, М нарын гурав дахь хүүхдийн төрсний бүртгэлийг “e-Mongolia” системээр бүртгэсэн бол Өргөө амаржих газарт мэндэлсэн иргэн Н, Х нарын гурав дахь хүүхдийн төрсний бүртгэлийг “e-Mongolia”-гаар бүртгэв.
Энэ талаар эцэг эхчүүдтэй утсаар холбогдож, сэтгэгдлийг нь авлаа.
Ю.Энх-Эрдэнэ: “e-Mongolia”-д төрсний бүртгэл үйлчилгээг сонгож, анкет бөглөсний дараа Монгол шуудангаас холбогдож, бичиг баримтыг ирж авсан. Ингээд улсын бүртгэлд хүүхдийг маань бүртгэсний дараагаар шуудангийн ажилтан төрсний гэрчилгээ болон бусад бичиг баримтыг e-Mongolia-д бүртгүүлсэн хаягаар хүргэж өгсөн. Шинэ хүнтэй болсон, цаг завгүй хүмүүст их хэрэгцээтэй үйлчилгээ санагдсан.
Т.Хонгорзул: Гурав дахь хүүхдээ “e-Mongolia” системээр бүртгүүлсэн. “e-Mongolia” өмнө нь мэддэг, олон үйлчилгээ авдаг байсан. Нэг өдөр www.e-Mongolia.mn сайт руу ороод үйлчилгээнүүдийг нь сонирхож байхад “Төрсний бүртгэл” гэсэн үйлчилгээ нэмэгдсэн байхыг хараад шинэ хүнээ цахимаар бүртгүүлсэн. Дөнгөж мэндэлсэн хүүхдээ бүртгүүлэх гэж дүүрэг дээрээ очно. Гэрлэлтээ батлуулаагүй байвал эцэг эх хоёулаа биеэр очно гээд явдал чирэгдэл ихтэй шүү дээ. Харин “e-Mongolia” -гаар бүртгүүлэх нь маш амар санагдлаа. “e-Mongolia”-д баярлалаа.
Шинээр төрсөн хүүхдийг төрсний бүртгэлд бүртгүүлэх үйлчилгээ авах бол:
1.e-mongolia.mn сайтад нэвтрэн орно
2.Үйлчилгээнүүд цэсийг сонгоно
3.Иргэний улсын бүртгэл гэсэн дэд цэсийг сонгоно
4.Бүртгэл
5.Төрсний бүртгэл гэсэн цэсийг сонгож, шинээр төрсөн хүүхдээ бүртгүүлэх хүсэлтээ илгээнэ.
Энэ үед Монгол шуудангийн ажилчид холбогдож, бичиг баримтыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргэж, бүртгэл хийсий дараа төрсний гэрчилгээ болон бусад бичиг баримтыг хаягаар хүргэж өгнө.
Одоогоор нийт 14 иргэн шинээр мэндэлсэн хүүхдээ бүртгүүлэх хүсэлт цахимаар буюу “e-Mongolia”-гаар гаргаад байна
Үйлчилгээ шууд авах линк: https://e-mongolia.mn/service/shineer-tursun-khuukhdiig-tursnii-burtgeld-burtguulekh-khuselt
Холбоо барих утас: 1111