Гадаад худалдаа 26.3 хувиар өсжээ

оруулсан Алсын Хараа

Манай улс энэ оны эхний 10 сард нийт 5.6 тэрбум ам.долларын бараа, түүхий эд импортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 1.2 тэрбум ам.доллароор буюу 27.2 хувиар өссөн талаар Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Оны эхний 10 сарын дүнгээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 13.2 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 26.3 хувиар өсжээ.

Экспорт импортын дүнг давж, гадаад худалдааны тэнцэл 1.8 тэрбум ам.долларын ашигтай гарсныг мэдээллээ. Тайлант хугацаанд 7.5 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гаргасан байна. Экспорт өмнөх оны мөн үеэс 25.7 хувиар өсжээ. Энэ нь цар тахлын өмнөх үе буюу 2019 оны түвшнээс өссөн нь анхаарал татсан үзүүлэлт болж байна. Цар тахалтай холбоотой хязгаарлалтууд худалдааны эргэлтэд нөлөөлж байгаа ч Монгол Улсын гаргаж буй эрдэс, түүхий эдийн үнэ өндөр байгаа нь экспортын үнийн дүнд жин дарж байна.

Экспортын барааны 83.9 хувийг эрдэс бүтэгдэхүүн бүрдүүлжээ.

Харин импортоор орж ирсэн барааны хамгийн их хувийг буюу 18.9 хувийг авто, агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги эзэлж байна.

Нийлүүлсэн барааны эзлэх хувиас харвал хамгийн их буюу 96 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлж байна. Харин хамгийн багыг буюу 0.04 хувийг боловсруулалтын бараа эзэлж байгаа аж. Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд:

  • Машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 1.1 тэрбум ам.доллар буюу 18.6 хувь,
  • Эрдэс бүтээгдэхүүн 991.8 сая ам.доллар  буюу 17.6 хувь (үүний дотор нефтийн бүтээгдэхүүн 827 сая ам.доллар буюу 83.4 хувь),
  • Мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 784.9 сая ам.доллар буюу 13.9 хувь,
  • Авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 1.1 тэрбум ам.доллар буюу 18.9 хувь,
  • Үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 512.8 сая ам.доллар буюу 9.1 хувь,
  • Химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 472.8 сая ам.доллар буюу 8.4 хувийг тус тус  эзэлж, эдгээр бүтээгдэхүүнд нийт дүнгийн 78 хувь ногдож байна.

Мөн тусламжийн барааг хандивлагч байгууллага, орноор нь ангилбал АНУ-д 27.9 хувь БНХАУ-д 32.8 хувь тус тус ногдож буй аж.

Олон улсын санхүү эдийн засгийн байгууллага, хандивлагч орны зээлээр 86.7 сая ам.долларын барааг дараах улсуудад нийлүүлжээ. Барааг гарал үүслийн улсаар нь авч үзвэл,

  • ХБНГУ-д 21.5 хувь
  • Беларусьд 17 хувь
  • БНХАУ-д 18 хувь
  • Францад 10.6 хувь
  • Энэтхэгт 4 хувь
  • ОХУ-д 6.5 хувь тус тус ногдож байна.

Нийт зээлийн барааг Засгийн газрын шугамаар оруулж ирсэн. Уг зээлийн дийлэнх буюу 33.4 хувийг Францаас олгосон байна. Гаалийн ерөнхий газраас өгсөн мэдээллээр өтгөрүүлсэн болон хуурай сүү, өндөг, улаан буудай, жимс, самар, тахиа, гахайны мах, өөх, элсэн чихрийн импорт өнгөрсөн оны мөн үеэс өсжээ.

Харин хүнсний ногоо, цагаан будаа, улаан буудайн гурил, ургамлын тосны импорт буурсан байна. Түүнчлэн коронавируст халдварын эсрэг зарим барааны импортын тоо хэмжээнээс харвал 20,908.8 мянган ширхгийг энэ оны эхний арван сард импортолжээ. Нийт 85.9 сая ам.долларын барааг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн байна.

Сэтгэгдэл бичих