Times: Хятадын эрчим хүчний хямрал дэлхий хэмжээнд бараа бүтээгдэхүүний хомсдол үүсгэж магадгүй

оруулсан Алсын Хараа

/TASS/. Хятадад үүссэн эрчим хүчний хямрал дэлхийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулж, улмаар янз бүрийн бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэхэд хүргэж болзошгүй гэж Их Британийн “The Times” сонинд бичжээ.

Тус сонинд мэдээлж буйгаар, Хятадын 20 орчим мужид нүүрсний хомсдолд орсны улмаас эрх баригчид цахилгаан эрчим хүчний хэрэглээг хязгаарласан тул хэдэн арван мянган аж ахуйн нэгж хоёр өдрийн ажлын долоо хоногт шилжсэн эсвэл үйл ажиллагаагаа бүрмөсөн зогсоожээ. Энэ нь хэтдээ бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээнд нөлөөлөхөөс гадна, зах зээлд хомсдол үүсгэж, улмаар бүтээгдэхүүний үнэ өсөхөд хүргэж болзошгүй байна. Хонконгийн ажилд зуучлах компанийн шинжээч Роберт Уолтерс Жон Мулелигийн тэмдэглэснээр, одоогийн байдлаар Хятадад эрчим хүчний хямралын нөхцөлд бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ердийнхөөс "хоёр дахин урт хугацаа шаардагдаж байгаа аж".

Хятадаас нийлүүлэх барааны тасалдал 2022 оны ихэнх хугацаанд үргэлжилж магадгүй гэж Нидерландын ING банкны шинжээчид үзэж байна. Үүний зэрэгцээ Британийн “Entertainer” компанийн мэргэжилтнүүд бараа бүтээгдэхүүний үнэ 10-12 хувиар өсөж магадгүйг анхааруулжээ.

Өнгөрөгч есдүгээр сард Хятадын 20 орчим муж болон бусад бүс нутагт нүүрсний хомсдол, эрчим хүчний сүлжээний ачааллаас шалтгаалан цахилгаан эрчим хүчний хэрэглээнд янз бүрийн хязгаарлалт тогтоожээ.

Хар мөрөн, Жилинь, Ляонин мужуудад үйлдвэрүүд төдийгүй айл өрхүүдэд хязгаарлалт хийжээ. Зүүн болон өмнөд бүсийн эрчим хүч их зарцуулдаг үйлдвэрүүдийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулахгүй байх, үйл ажиллагааг нь зогсоохыг үүрэг болгосон байна.

Нүүрсний хомсдол үүсэхэд хүргэсэн гол шалтгаан нь үнэ нь өссөн, экологийн стандартыг чангатгасан, мөн импорт тасалдсантай холбоотой гэж “Жунсин Жинвей” хэвлэл мэдээлжээ. Эдгээр үйл явдлуудтай холбоотойгоор есдүгээр сард БНХАУ-ын нүүрсний импортын хэмжээ жилийн дундаж үзүүлэлтээс 76 хувиар нэмэгдэж, 32.88 сая тонн болжээ.

Сэтгэгдэл бичих