Францад иргэдийг вакцины нэмэлт тунд хамруулах хөтөлбөрийг өргөжүүлнэ

оруулсан Алсын Хараа

/The Local/. Европт “COVID-19” халдварын тав дахь давлагаа дэгдээд байгаатай холбоотойгоор Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон иргэдийг вакцины нэмэлт тунд хамруулах хөтөлбөрийг өргөжүүлэхээр болсныг мягмар гарагт мэдэгдлээ.

Тэрбээр Францад халдварын үзүүлэлтүүд нэмэгдэх болсонд ихээхэн санаа зовниж буйгаа илэрхийлээд, нэмэлт тунд хамрагдах хүмүүсийн насны хязгаарыг 50-64 болгон ахиулж, эрүүл мэндийн гэрчилгээнд гурав дахь тунд хамрагдсан байх нөхцөлийг оруулна гэв.

Тодруулбал, 65-аас дээш насны иргэд болон халдвар авсан тохиолдолд хүндрэх өндөр эрсдэлтэй хүмүүс 12 дугаар сарын 15-наас эхлэн “COVID-19”-ийн гэрчилгээгээ хүчин төгөлдөр байлгахын тулд нэмэлт тунд хамрагдах шаардлагатай болох ажээ. Мөн ирэх сарын эхэн үеэс 50-64 насныхан нэмэлт тунд хамрагдах боломж бүрдэнэ.

Үүнээс гадна Ерөнхийлөгч Францын зургаан сая орчим иргэн вакцинд хамрагдаагүй байгааг онцлон дурдаад, “өөрсдийнхөө эрүүл мэндийг хамгаалахын тулд, амьдралын хэвийн хэмнэлдээ эргэн орохын төлөө вакцинд хамрагдахыг” уриалжээ. Францад өнгөрсөн долоо хоногт “COVID-19”-ийн өвчлөл 40 хувиар нэмэгдэж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо “анхаарал татахуйц” хэмжээгээр өссөн байна.

Сэтгэгдэл бичих