Дэлхий даяар 7.3 тэрбум гаруй тун вакцин тарьжээ

оруулсан Алсын Хараа

 /Bloomberg/. Дэлхийн түүхэн дэх хамгийн өргөн хүрээг хамарсан вакцинжуулалт үргэлжилсээр байна. Ийнхүү дэлхийн 184 улс оронд 7.32 тэрбум гаруй тун вакцин тариад буйг “Bloomberg” агентлагийн тоон мэдээлэл харуулж байна. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, дэлхий даяар өдөрт 33.9 сая тун вакцин тарьж байгаа ажээ.

Өнөөдрийн байдлаар нийт 7.32 тэрбум тун вакцин тариад буй нь 100 хүн тутмын 95-д вакцин хийсэнтэй тэнцэх боловч улс орнуудын вакцинжуулалтын түвшин өөр хоорондоо эрс тэс ялгаатай байна. Тухайлбал, өндөр орлоготой улс орон, бүс нутгуудын хувьд хүн амаа бага орлоготой улс орнуудаас 10 дахин хурдан вакцинжуулж байна.

Улс орнуудыг "COVID-19"-ийн вакцинжуулалтын түвшнээр өнгөөр ялган үзүүлсэн байдал

“COVID-19”-ийн хамгийн сайн вакцинууд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, нас барахаас урьдчилан сэргийлэхэд өндөр үр дүн үзүүлж байгаа ч цар тахлыг зогсоохын тулд уялдаа холбоотой кампанит ажил явуулах шаардлагатай юм. Халдварт өвчин судлалын тэргүүлэх мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, АНУ-ын хүн амын 70-85 хувийг вакцинжуулснаар хэвийн амьдралдаа эргэн орох боломж бүрдэх хэдий ч халдварыг хяналтдаа байлгахад нэмэлт тун шаардлагатай бололтой байна.

Дэлхийн хэмжээнд өдөрт 33 872 136 тун вакцин тарьж буй хурдаар тооцоолбол хүн амын 75 хувийг вакцинжуулахад дахин зургаан сарын хугацаа шаардагдана. “COVID-19”-ийн вакцинжуулалт өндөр байгаа газруудад халдварын үзүүлэлтүүд буурч байна. Одоогийн байдлаар, 34 газар нутаг хүн амынхаа дор хаяж 75 хувийг “COVID-19”-ийн вакцины эхний тунд хамруулаад байгаа ажээ.

Хүн амаа “COVID-19”-ийн вакцинд бүрэн хамруулсан үзүүлэлтээр Мальдив дэлхийн улс орнуудыг тэргүүлж байгаа бөгөөд хүн амынх нь 96.6 хувь вакцинд бүрэн хамрагджээ. Түүний араас Мальта, Португал, Кайманы арлууд, Сингапур, АНЭУ, Испани, Чили, Сейшелийн арлууд, Камбож, Катар, Исланд, Франц, Бахрейн, Хятадын эх газар, БНСУ, Дани, Ирланд, Малайз, Канад, Бермуд, Бутан, Бельги, Итали, Уругвай, Япон, Сан Марино, Финланд, Норвег, Аруба, Нидерланд, Их Британи, Куба, Люксембург, Австрали, ЕХ, Шинэ Зеланд, Швед, Герман, Эль Сальвадор, Марокко, Панам, Гренланд, Швейцар, Кипр, Монгол, Австри хүн амынхаа 65 гаруй хувийг вакцинд бүрэн хамруулаад байна.

Сэтгэгдэл бичих