"Газрын харилцаа-Цахим шилжилт" үйлчилгээний ачаар иргэд 211.6 сая төгрөг хэмнэжээ

оруулсан Алсын Хараа

 "Газрын харилцаа-Цахим шилжилт" үйлчилгээ нэвтрүүлсэн 1 сарын хугацаанд 8661 иргэн хуулийн этгээд газрын гэрчилгээ, кадастрын зургаа хэвлэж авсан талаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас мэдээллээ.

Ийнхүү уг аяны хүрээнд иргэн, хуулийн этгээд газрын гэрчилгээ, кадастрын зургаа үнэ төлбөргүй хэвлэж авснаар 211 сая 600 мянган төгрөг хэмнэжээ.

2021 оны 10 дугаар сарын 1-нээс эхлэн иргэн, хуулийн этгээд захирамж нь гарсан газрын гэрчилгээ, кадастрын зургаа гэртээ үнэ төлбөргүй хэвлэн авч, ашиглаж эхэлсэн юм байна.

Ташрамд дуулгахад, Иргэн, хуулийн этгээдийн газрын гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг баталгаажуулахад нийт 10 гарын үсэг зуруулах шаардлагатай байсан бөгөөд сардаа нийт 8000 гаруй гарын үсэг зуруулах чирэгдэл үүсдэг байв. Үүнээс болж нэг иргэний баримт бичгийг баталгаажуулах хугацаа 30-60 хоног шаарддаг байсан аж.

Харин одоо иргэн, хуулийн этгээд газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, гэрээ QR кодоор баталгаажуулан цахимаар 1 минутад үнэгүй авах боломж бүрдсэн юм.

Цахимаар газрын гэрээ, гэрчилгээ, кадастрын зураг хэвлэх боломжийг бүрдүүлснээр өнөөдрийг хүртэл хугацаанд 2 сая 700 мянган иргэн, сард 750 мянган иргэн, өдөрт 7551 иргэн уг системээр үйлчлүүлсэн байна.

Сэтгэгдэл бичих