АНУ вакцинд хамрагдсан гадаадын иргэдэд хилээ нээж байна

оруулсан Алсын Хараа

/BBC/. АНУ “COVID-19” халдварын тархалтыг хязгаарлахын тулд 20 сарын турш хэрэгжүүлсэн хилийн хоригоо цуцалж, өнөөдрөөс вакцины хоёр тунд хамрагдсан гадаадын иргэдэд хилээ нээж байна.

Энэхүү хоригийг тогтоох шийдвэрийг АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп гаргаж байсан бөгөөд энэ нь Их Британи, Европын Холбооны /ЕХ/ орнууд гэх мэт 30 гаруй орны иргэдийн хилээр нэвтрэх боломжийг хязгаарлаж, гэр бүлийн гишүүдийг салган тусгаарлаж, аялал жуулчлалын салбарт хүнд цохилт болоод байсан юм.

Ийнхүү вакцинд бүрэн хамрагдсан, шинжилгээ өгсөн хүмүүсийн хилээр нэвтрэх хязгаарлалтуудыг цуцалснаар агаарын тээврийн зорчигчдын тоо эрс нэмэгдэх төлөвтэй байна. “АВС” сувгийн мэдээлснээр, АНУ хилээ нээх тухай мэдэгдэл гарсны дараа олон улсын нислэгийн талаарх интернэт хайлт 338 хувиар өсжээ.

Шинэ коронавирусний тархалтыг хязгаарлахын тулд АНУ 2020 оны эхээр хамгийн эхлээд Хятадаас ирэх аялагчдад хилээ хаасан бөгөөд хожим нь бусад орнуудыг нэмж оруулсан юм. Ингэснээр Их Британи, ЕХ болон БНХАУ, Энэтхэг, Өмнөд Африк, Иран, Бразил зэрэг орнууд дахь гадаадын ихэнх иргэдийг хилээр нэвтрэхийг хориглоод байсан билээ.

Харин шинэ дүрэм журмын дагуу гадаадын жуулчид нислэгт суухын өмнө вакцинжуулалтын баталгаагаа үзүүлж, гурван өдрийн дотор өгсөн шинжилгээний хариугаа сөрөг гарсныг баталж, ойрын хавьтлын талаарх мэдээллээ хүлээлгэж өгөх шаардлагатай бөгөөд тэдэнд тусгаарлагдах шаардлага тавихгүй юм.

Сэтгэгдэл бичих