Засгийн газар соёлын бүтээлч үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж байна

оруулсан Алсын Хараа

Соёлын бүтээлч үйлдвэрлэгчдийн нэгдсэн үзэсгэлэн МҮХАҮТ-д гарч байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр тус үзэсгэлэнтэй танилцаж, ЖДҮ, үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.

Үзэсгэлэнд оролцогчдыг КОВИД-19-ийн эсрэг 3 дугаар тундаа хамрагдсан байдлыг шалган нэвтрүүлж, дархлаажуулалтын явуулын цэг ажиллаж, вакцины нэмэлт тунд хамрагдах боломжоор хангаж байгаатай тэрээр танилцлаа.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, “Энэ сарын 1-нээс соёл урлаг, спортын үзвэр үйлчилгээг танхимын 50 хувийн дүүргэлттэй нээсэн. Бид нэмэлт тунгийн хамрагдалт 50 хувьд хүрвэл одоо мөрдөж байгаа өндөржүүлсэн бэлэн байдлын “Улбар шар” түвшингээс “Шар” түвшин рүү шилжүүлэх стратеги барьж байна. Дэлхий даяар цар тахлын дельта хувилбараас сэргийлэхийн тулд вакцины 3 дугаар тунг тарих нь үр дүнтэй гэсэн дүгнэлт хийж, 30 гаруй улс хүн амаа нэмэлт тунд хамруулж эхэлсэн.

Засгийн газраас иргэдийг 3 дугаар тунд хамруулах ажилд бүх төрлийн дэмжлэг үзүүлнэ” гэдгийг онцоллоо. Тэрээр, иргэд нэмэлт тунд идэвхтэй хамрагдаж, цар тахлын эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалж, хөл хориогүй, энгийн амьдрал руу үе шаттай шилжихийг уриалсан юм.

Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ ЖДҮ, үйлчилгээ эрхлэгчдийг дархлаажуулалтын нэмэлт тунд хамрагдахыг уриаллаа.

ЭМЯ, Нийслэлийн Эрүүл мэндийн газар 70 ба түүнээс дээш ажилтантай байгууллагуудын захиалгаар албан байгуулага, ААН-д газар дээр нь очиж 3 дугаар тунг хийж байна.

Засгийн газраас Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг эдийн засгийн тэргүүлэх чиглэлийн нэг хэмээн зарлаж, бодлогоор дэмжиж байна. Өнөөдрийн энэхүү үзэсгэлэнг Соёлын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв хамтран зохион байгуулж байна. Үзэсгэлэнд соёлын бүтээлч үйлдвэрлэгч 100 ААН-ийн 300 бүтээлийг дэлгэжээ.

Манай улсад жижиг, дунд үйлдвэр үйлчилгээний 62. 263 ААН, 906.495 ажилтан байна. Тус салбар ДНБ-ний 18.3, нийт экспортын 2.4 хувийг бүрдүүлдэг томоохон салбар гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцлоод “Энэ оны 3 дугаар сарын 3-ны Засгийн газрын хуралдаанаар “Монгол соёл-Монголын баялаг” цогц хөтөлбөрийг баталсан. Энэ хүрээнд эрх зүй, санхүү, дэд бүтэц, техник, технологитой хослуулан соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, нэгдсэн ложистик сүлжээ бүхий Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн цогцолбор байгуулж, энэ чиглэлийн ААН, иргэдийг нэгтгэнэ. Мөн соёлын бүтээлч үйлдвэрлэл, бүтээлч эдийн засгийг дэмжих хөрөнгө оруулалтын сан байгуулах юм. Соёлын баялаг бол Монгол Улсын тогтвортой хөгжлийг бий болгоход чухал үүрэгтэй шавхагдашгүй нөхөн сэргээгдэх нөөц юм” гэв.

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хүрээнд 12 салбар багтдаг. Энэ салбарт 11 600 ААН бүртгэлтэй байгаагаас 5 600 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Нийтдээ 33 600 хүн идэвхтэй ажиллаж, Монгол Улсын ДНБ-ний 1.3 хувийг бүрдүүлж байна.

Соёлын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн шилдэг бүтээлийн үзэсгэлэнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Соёлын сайд Ч.Номин, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нарын хамт ирсэн юм.

 

Сэтгэгдэл бичих