Эзэн Чингис хааны мэндэлсэн Өвлийн тэргүүн шарагчин гахай сарын шинийн 1 буюу “Монгол бахархлын өдөр”-т зориулсан үндэсний бөхийн барилдаанд Увс аймгийн Улаангом сумын харьяат бөх, улсын гарьд Ө.Бат-Орших түрүүллээ.
Бөхийн өргөөнд болсон улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат бөх, улсын харцага О.Хангай үзүүрлэж, Их шөвөгт улсын заан М.Бадарч, улсын начин Ч.Батчулуун шалгарсан юм.
“Монгол бахархлын өдөр”-ийн барилдааны нэгийн давааны улсын цолтнуудад тун халгаатай байж 7 бөх өвдөг шороодлоо. Тодруулбал, улсын харцага Т.Баасанхүү аймгийн харцага Б.Сайнбаярт, улсын начин Б.Батжаргал аймгийн харцага Ш.Алтангэрэлд, улсын начин Б.Ганхуяг, аймгийн харцага Б.Наранбаярт, Улсын начин Б.Хишигбаатар, аймгийн харцага Т.Төгсдөлгөөнд, улсын начин Ц.Бямба-Очир, аймгийн харцага Н.Давшдаваад, улсын начин Д.Амаржаргал, аймгийн харцага Б.Бадамдоржид, улсын начин Б.Даваа-Очир, аймгийн заан Э.Нармандахад тус тус уналаа.