Германд вакцинд хамрагдсан бүх хүнд нэмэлт тун тариулахыг зөвлөнө

оруулсан Алсын Хараа

/Reuters/. “Манай улс “COVID-19”-ийн вакцинд хамрагдсан бүх хүнд өмнөх тунг хийлгэснээс зургаан сарын дараа нэмэлт тунг тариулахыг зөвлөнө” гэж Германы Эрүүл мэндийн сайд Йенс Спан баасан гарагт мэдэгдлээ.

Тэрбээр холбооны мужуудын Эрүүл мэндийн сайд нартай хуралдсаныхаа дараа ийнхүү мэдэгджээ. Германд баасан гарагт халдварын 37120 тохиолдол илэрсэн нь цар тахал өнгөрсөн оны эхээр дэгдсэнээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

“COVID-19”-ийн үзүүлэлтүүд ийнхүү эрс нэмэгдэж буй нь өвлийн улиралд халдварын тархалт улам нэмэгдэх вий гэх болгоомжлолыг төрүүлж байна. Й.Спаны мэдээлснээр, мужийн эрх баригчид ойрын өдрүүдэд вакцинжуулалтыг эрчимжүүлж, шинжилгээ хийх дүрэм журмыг чангатгаж, урьдчилан сэргийлэх нэмэлт арга хэмжээнүүдийг танилцуулна.

Германд вакцины нэмэлт тунд эмнэлгийн ажилтнууд, өндөр настай иргэдэд есдүгээр сараас хамруулж эхэлсэн боловч дархлаажуулалтын ажил удаашралтай байгаад олон нийт түгшиж, шүүмжлэлтэй хандах болжээ. Баасан гаргийн байдлаар, улсын хэмжээнд 57.7 сая хүн буюу хүн амын 69.6 хувь нь вакцинд эхний тунд, 67 хувь нь бүрэн тунд хамрагдсан байна.

Сэтгэгдэл бичих