Азербайжаны нийслэлд болж буй “Баку-2021” Гранд слам ээлжит тэмцээний 2 өдрийн барилданы дараах байдлаар Монголын шигшээ багаас ОУХМ Б.Ганхайч /63 кг/ мөнгө, Б.Хорлоодой /52 кг/, Ц.Цогтбаатар /73 кг/ хүрэл медаль хүртээд байна.
Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны ээлжит цуврал болон Бакугийн Гранд слам тэмцээний эхний өдөр ОУХМ Б.Хорлоодой хүрэл медалийн төлөө Германы тамирчин Анника Вурфелтэй барилдаж ялснаар “Парис-2021” Их дуулгын хүрэл медалиа ихэрлүүллээ.
Харин бямба гарагт буюу өчигдрийн барилдаанд Б.Ганхайч эхний тойрогтоо гоц мөргөж, 2 дугаар тойрогтоо Чехийн Рената Зачоваг ялсан. Улмаар хагас шигшээд Японы Мэгүми Хорикаваг ялж, алтан медалийн төлөө Их Британийн Люси Реншалд ялагдан Бакугийн Их дуулгын мөнгөн медалийн эзэн болов.
Эрэгтэйчүүдийн 73 кг-д “Токио-2020” олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар эхний тойрогтоо гоц мөргөж, 2 дугаар тойрогт Японы Рёо Цүкамотог, хэсгийн аваргын төлөө Киргизстаны Ертур Турдубаевыг тус тус ялсан. Харин хагас шигшээд ОХУ-ын М.Махмадбековд ялагдаж, улмаар медалийн төлөөх барилдаанд Оросын Аюуб Хажалиевыг ялав.
Өнөөдөр Бакугийн дэвжээнд эмэгтэйчүүдийн -78 кг-д ОУХМ Б.Эрдэнэт-Од, эрэгтэйчүүдийн 90 кг-д ОУХМ Г.Алтанбагана, Б.Тэнгис, - 100 кг-д ОУХМ Б.Гончигсүрэн, О.Хангал, +100 кг жинд ОУХМ О.Цэцэнцэнгэл нар хүч, ур чадвараа сорин барилдана.