Эм, эмнэлгийн хэрэгсэл, импортын бусад барааны хангамжийг нэмэгдүүлэх үүднээс хил, гааль, тээврийн нөхцөлийг сайжруулах талаар ГХЯ-нд холбогдох байгууллагын удирдлага, төлөөлөл хуралдаж мэдээллээ.
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Бадрал хуралдаанд цахимаар оролцож, Тяньжин боомт дахь нөхцөл байдлын талаар мэдээллээ. Тэрээр тус боомтод манай улсын 4800 контейнер ачаа бараа байгаагаас энэ сарын 30-нд багтаан Монгол Улс руу тээвэрлэхээр болсон гэв. Дээрх боомтоос өдөрт 1-2 вагонд бараа ачиж буйг дуулгалаа. “Эрээний боомт дээр бөөгнөрсөн зүйл байхгүй учир чингэлгүүдэд гаалийн бүрдүүлэлт хийгээд шууд нэвтрүүлж байна” гэв.
Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа ерөнхий консул С.Батхуяг мэдээлэхдээ, “Хөх хотод өнөөдрийн байдлаар коронавируст халдварын тохиолдол гараагүй байгаа. Хятад улсаас манай улсын Ханги-Мандал болон Гашуунсухайтын хилийн боомт руу ачаа тээвэрлэж, өдөрт 8-10 автомашин Хятадын талаас орж, хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Энэ бол нүүрснээс тусдаа импортын барааны тээвэрлэлт юм” гэдгийг тодотголоо.
Хуралд ГХЯ, ЭМЯ, ЗТХЯ, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд, Дипломат төлөөлөгчийн газрууд, УБТЗ ХНН-ийн төлөөлөгч нар оролцлоо. Хуралдаан цахимаар болж, Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин удирдав. Тэрээр, “Манай яамнаас санаачилж өнөөдөр хоёр хурал хийж байна. Нэгд, эм, эмнэлгийн хэрэгсэл татан авах талаар шийдвэрлэхээр мэдээллээ нэгтгэж байна. Хэлэлцүүлэг хурлын үр дүнд импортоор бараа оруулж ирж буй ААН, компаниуд бодит төсөөлөлтэй болно. Хоёрдугаарт, барилгын компаниудын төлөөлөлтэй уулзаж, БНХАУ-ын Эрээний боомтоос гадна тус улсын бусад бүс нутгаас татан авалт хийх талаар ярилцаж байна” гэв.
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Гашуунсухайт, Ханги боомтоор эмийн бүтээгдэхүүн оруулж болох жагсаалтыг гаргасан. Энэ хоёр боомтоор эм, эмнэлгийн хэрэгсэл оруулж ирэх ажлыг зохион байгуулж байна. Агаарын тээврээр ачааг авч байна. Гэхдээ энэ нь өртөг өндөртэй байгаа. БНХАУ-ын тал Ханги-Мандалын боомтоор Бугат хотоос автомашинаар эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэхийг зөвшөөрснийг мэдээллээ.