/US News/. Нефть экспортлогч орнуудын байгууллага болон түүний холбоотнууд /ОПЕК+/ нефтийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх АНУ-ын уриалгыг хүлээн авахаас татгалзаж, олборлолтоо аажмаар нэмэгдүүлэх төлөвлөгөөгөө үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр боллоо. Үүнтэй холбоотойгоор нефтийн үнэ өнөөдөр нэг гаруй хувиар өсжээ.
Тодруулбал, пүрэв гарагт хоёр орчим хувиар буураад байсан “Brent” маркийн нефтийн нэг торхын үнэ өнөө өглөөний 09 цагийн байдлаар 82 цент буюу нэг гаруй хувиар өсөж, 81.36 ам.долларт хүрчээ. Мөн “WTI” маркийн нефтийн үнэ 97 цент буюу 1.25 хувиар өсөж, 79.78 долларт хүрсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нефтийн үнэ нэмэгдэж буйг харгалзан олборлолтоо нэмэгдүүлэхийг уриалсан боловч “ОПЕК+”-ын гишүүд одоогийн хэрэгжүүлж буй төлөвлөгөөгөө үргэлжлүүлж, ирэх 12 дугаар сараас өдөрт олборлох нефтийг 400 мянган торхоор нэмэгдүүлэх тохиролцоонд пүрэв гарагт хүрчээ.
Цар тахлын улмаас нефтийн эрэлт огцом буурсан тул “ОПЕК+” нийлүүлэлтээ хязгаарлаад буй юм. Үүнээс шалтгаалан нефтийн үнэ сүүлийн долоон жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлтэд хүрээд байсан ч энэ долоо хоногийн эхээр АНУ-ын нефтийн нөөц нэмэгдсэнээс гадна үнийн өсөлтийг зохицуулахын тулд нийлүүлэлтийг нэмэгдүүлж магадгүй гэж таамаглаж байсантай холбоотойгоор үнэ нь буураад байсан билээ.