Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ, Засгийн газрын гишүүд, Нийслэлийн удирдлагууд болон Чингис хаан одонт эрхмүүд өнөөдөр Их эзэн богд Чингис хааны хөшөөнд мэхийн хүндэтгэл илэрхийллээ.
Жил бүрийн Их эзэн Чингис хаан мэндэлсний ой, Монгол бахархлын өдөр буюу билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд "Чингис хаан" одон хүртсэн эрхмүүд Төр, засгийн удирдлагын хамтаар хааны хөшөөнд хүндэтгэл илэрхийлдэг уламжлалтай. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд, ИБУИНХУ-ын Глазгоу хотноо Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож байгаа бөгөөд маргааш эх орондоо залрах юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний 4 тоот зарлигаар, Их эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын багийн дүгнэлт болон ШУА-ийн саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэж байхаар болсон юм.
Их эзэн богд Чингис хаан 1206 онд Монгол аймгуудыг нэгтгэж Их Монгол Улс буюу Монголын эзэнт гүрнийг байгуулсан. Монголчуудын байлдан дагууллын үр дүн нь нэг талаас өрнө, дорны ард түмэн бие биеийг мэдэх болж соёл, шинжлэх ухааны олон салбарт ололт амжилтыг ашигласнаар дэлхийн хөгжил урьд байгаагүйгээр хурдацтай урагш ахижээ. Тэрээр хаант улсаа "Их засаг" хууль дор нэгтгэн захирч байсан нь Монголын хамгийн анхны бичмэл хууль, цааз хэмээн олон судлаач тэмдэглэдэг байна.