Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны ээлжит тэмцээн Бакугийн Гранд слам өнөөдөр Азербайжаны нийслэлд эхэлж байна.
Тус тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг, -57 кг, эрэгтэйчүүдийн 60 кг, 66 кг жингийн барилдаанууд болно. Энэ удаагийн тэмцээнд 29 орны 196 тамирчин оролцох бөгөөд Монгол Улсаас 22 тамирчин хүч, ур чадвараа сорино.
Өнөөдөр барилдах бөхчүүдээ танилцуулж байна. Эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Баасанхүү эхний тойрогтоо ОХУ-ын Дариа Пичкалеватай учраа таарсан бөгөөд ялсан нь Израилийн жүдоч Шира Ришони барилдах юм. Г.Наранцэцэг эхний тойрогтоо хийлсэн бөгөөд 2 дугаар тойрогт Бразил, Азербайжаны жүдочдын хэн ялсантай барилдана.
Эмэгтэйчүүдийн 52 кг-д Б.Хорлоодой эхний тойрогтоо гоц мөргөж дараагийн даваанд ОХУ, Азербайжаны бөхчүүдийн хэн ялсантай хүч үзнэ.
Эмэгтэйчүүдийн 57 кг-д Л.Энхрийлэн эхний тойрогтоо Японы Рихо Шибататай учраа таарсан. Түүнийг ялбал дахин Японы жүдоч Тамаоки Момотой барилдана.
Эрэгтэйчүүдийн 60 кг-д Э.Ариунболд эхний тойрогтоо Азербайжаны Ахмад Юсифовтой учраа таарсан бол Э.Сумъяабазар эхний тойрогтоо Канадын Жоэл Демаеретай барилдах бөгөөд манай тамирчид өрсөлдөгчдөө ялбал D хэсэгт багтан хоорондоо барилдана.
Эрэгтэй 66 кг-д Г.Галмандах эхний тойрогт Бразилын Такабатакэ Эриктэй учраа таарав. Ялбал ОХУ-ын Абдула Абдулжалиловтой барилдана. Харин Б.Нармандах эхний тойрогт гоц мөргөж, 2 дугаар тойрогт Молдавын жүдоч Виеру Денистэй барилдана.