“Белград-2021” 23 хүртэлх насны чөлөөт бөхийн ДАШТ-ний 68 кг-ын жинд “Хасу-Мегастарс” клубийн тамирчин, ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа хүрэл медаль хүртлээ.
Азийн АШТ-ний мөнгө, хүрэл, залуучуудын ДАШТ-ний мөнгөн медальт Э.Дэлгэрмаа шөвгийн наймд 2021 оны 23 хүртэлх насны Европын АШТ-ний мөнгөн медальт ОХУ-ын Вусала Парфиановичэд 3:3-аар онооны чанараар харамсалтай ялагдсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд Германы Софиа Шифлийг оноогоор цэвэр /13:0/ яллаа. Ийнхүү Э.Дэлгэрмаа Монголын чөлөөт бөхийн тамирчдаас U-23 ангиллын ДАШТ-ээс 11 дэх медалийг эх орондоо авчирч байна.
Белградын дэвжээнд Монголоос 2 эмэгтэй бөх оролцож байгаа бөгөөд 53 кг-д ОУХМ М.Мөнхгэрэл шөвгийн наймд залуучуудын ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, залуучууд, 23 хүртэлх насны Европын аварга ОХУ-ын Екатерина Вербинад 0:10-аар ялагдсан. Оросын бөх Е.Вербина шигшээд шалгарснаар манай бөх маргааш дагаж барилдана.