Тамирчид дархлаа сэргээх нэмэлт тун хийлгэв

оруулсан Алсын Хараа

ЭМЯ, НЭМГ, Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, Спортын төв ордонтой хамтран тамирчдыг  дархлаа сэргээх нэмэлт III тунд өнөөдөр хамрууллаа.

Нийт 350 тамирчин Файзер болон Синофарм вакцины сонголттой III тунгийн дархлаажуулалтад хамрагдаж буй юм.

Энэ үеэр Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц, “Соёл урлаг, спортын үйл ажиллагааг 50 хувийн дүүргэлттэй, III тунд хамрагдсан бол түргэвчилсэн шинжилгээ шаардахгүй явуулахаар болсон. Манай салбар хоёр жилийн хугацаанд гацаанд орлоо. Дотоодод спортын ямар ч үйл ажиллагаа болоогүй. Тиймээс хүнд байдлаас гарах боломж бол III тун гэж үзэж байна. Тамирчид болоод спорт сонирхогчдын хувьд нэмэлт тун хийлгээд спортын тэмцээн уралдаанд оролцох, үзэж сонирхох боломжтой болж байна. Тиймээс спортын салбарынхан вакцинжуулалтад хамрагдаж эхэлсэн. Мөн ирэх даваа гаргаас Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн оюутан, багш нар вакцинаа хийлгэнэ. Нийт спорт сонирхогчдодоо хандаж III тундаа хамрагдаарай гэж уриалж байна” гэлээ.

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын эмч Ц.Даваажав “Ковид-19”-ийн халдвар авч, өвчилсөн бол эдгэрээд 21 хоносны дараа III тундаа хамрагдаж болно. Баянгол дүүргийн хэмжээнд дархлаажуулалтын 23 явуулын баг ажиллаж байгаа хэмээсэн юм.

Монгол Улсын Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, “Би хэвийн амьдралдаа шилжихийн тулд III тунг хийлгэж байна. Дархлаажуулалтын нэмэлт тундаа хамрагдаад, урлаг, спорт болон бусад үйл ажиллагаа хэвийн үргэлжлээсэй гэж хүсэж байна. Хүн бүр өөрийн хариуцлагын хүрээндээ, хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндийн төлөө нэмэлт тундаа хамрагдаарай” хэмээн уриаллаа.

Сэтгэгдэл бичих