“Мю” хувилбар вакцины эсрэг биетүүдэд тэсвэртэй бололтой байна

оруулсан Алсын Хараа

/NHK/. Японы судлаачид коронавирусний “Мю” хувилбар вакцины үүсгэдэг эсрэг биетүүдийг тэсвэрлэх чадвар өндөр байгааг тогтоожээ.

Токиогийн их сургуулийн Анагаахын шинжлэх ухааны хүрээлэнгийн дэд профессор Сато Кэйгээр ахлуулсан судлаачид энэхүү дүгнэлтээ “The New England Journal of Medicine” анагаах ухааны сэтгүүлд нийтлүүлсэн байна.

Судлаачид “Мю” хувилбарын шинэ чанаруудыг агуулсан хиймэл вирус гарган авч, “Pfizer-BioNTech”-ийн вакцин хийлгэсэн хүмүүсээс цуглуулсан цусны сорьц дахь эсрэг биетүүдэд хэр мэдрэг байгааг нь үнэлжээ.

Ингэхэд “Мю” хувилбар анхны вирусээсээ 9.1 дахин тэсвэртэй байгаа нь ажиглагдсан нь эсрэг биетүүд уг хувилбарын эсрэг сул үйлчлэл үзүүлж болзошгүйг харуулсан байна.

Судлаачдын мэдээлснээр, вакцинууд эсрэг биет үүсгэхээс гадна янз бүрийн нөлөөлөл үзүүлдэг тул вакцины үр дүнд хэрхэн нөлөөлөхийг цаашид үргэлжлүүлэн судлах шаардлагатай байна.

“Коронавирус цаг ирэх тусам хувьсан өөрчлөгдсөөр байх учраас вирусний шинж чанаруудыг судалж, холбогдох мэдээллийг олон улсын тавцанд хуваалцан солилцдог механизмыг бий болгох шаардлагатай байна” гэж С.Кэй хэлжээ.

Сэтгэгдэл бичих