Шинэ Зеландын гэмт хэргийн бүлгийн толгойлогчид вакцинжуулалтад хамрагдахыг гишүүддээ уриалжээ

оруулсан Алсын Хараа

Шинэ Зеландын хамгийн алдартай гэмт хэргийн дөрвөн бүлгийн долоон толгойлогч коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдахыг гишүүддээ хандан уриалжээ.

Тэдний хамтарсан видео мэдэгдлийг бүтээж, цацах санааг Шинэ Зеландын Маоричуудын хөгжлийн яамны сайд Уилли Жэксон гаргасан юм байна.

Дөрвөн минут үргэлжлэх видео мэдэгдлийн эхэнд 19 насандаа Black Power бүлэгт анх элсэж байсан Дэнис О Рэйлли коронавирусийн эсрэг вакцины хоёр тунг хийлгэснээ яриад бусад гишүүддээ мөн адил хамрагдахыг уриалжээ.

“Засгийн газар  өөрөө ингэхийг биднээс хүсэж байгаа юм биш. Мэргэжлийн хүмүүсийн зөвлөсний дагуу засгийн газар ингэхийг хүсэж байгаа юм. Тиймээс өөрсдийгөө хамгаалахын тулд вакцинжуулалтад хамрагдах шаардлагатай байна” гэж Mongrel Mob бүлгийн толгойлогч Харри Там ярьсан байна.

Шинэ Зеландад сүүлийн үед илэрч буй коронавирусийн халдварын тохиолдлуудын 70 орчим хувь нь нутгийн уугуул Маоричууд болон Номхон далайн арлуудаас гаралтай хүмүүсийн дунд илэрчээ.

Эдгээр хүмүүс нийт хүн амын 27 хувийг эзэлдэг. Вакцинжуулалтын хувьд бас Маоричуудын 72 хувь, Номхон далайн арлынхны 85 хувь хамрагдсан нь нийт хүн амын дундаж болох 88 хувиас бага байгаа юм.

Гэмт хэргийн гурван гол бүлэг дотор вирус тарсны улмаас Шинэ Зеландын албаныхан тэдгээрийн зарим толгойлогчдод тусгай ажилтны статус олгож, бүлгийн гишүүдийн дотор халдвар тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байжээ.

Шинэ Зеланд улсад 1961 онд анхны хуулиас гадуур үйл ажиллагаа явуулдаг байкеруудын клуб “Hells Angels” байгуулагдаж байсан түүхтэй. Дараа нь угсаа гарал дээр тулгуурласан нутгийн уугуул иргэдийн гэмт хэргийн бүлгүүд байгуулагдаж байжээ.

 

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл бичих