Нидерландад хязгаарлалтын арга хэмжээнүүдийг дахин тогтооно

оруулсан Алсын Хараа

/DW/. Нидерландад сүүлийн өдрүүдэд “COVID-19” халдварын үзүүлэлтүүд нэмэгдэх болсонтой холбогдуулан хязгаарлалтын арга хэмжээнүүдийг дахин тогтоохоор боллоо гэж тус улсын Ерөнхий сайд Марк Рютте мягмар гарагт мэдэгджээ.

Ингэснээр иргэд дэлгүүр, үсчин, номын сан, засгийн газрын байр, галт тэрэгний буудал, эмнэлэг зэрэг олон нийтийн газруудаар үйлчлүүлэхдээ дахин амны хаалт зүүх шаардлагатай болно. Түүнчлэн боломжтой тохиолдолд бусдаас 1.5 метрийн зай барихыг зөвлөх ажээ.

Мөн “COVID-19”-ийн вакцинд хамрагдсан, шинжилгээний хариу сөрөг гарсныг батлах гэрчилгээг шалган нэвтрүүлэх газруудын тоог нэмэгдүүлнэ. Нидерландад сар хагас орчмын өмнөөс хязгаарлалтын арга хэмжээнүүдийг цуцалсан боловч түүнээс хойш халдварын үзүүлэлтүүд нэмэгдэх болжээ.

М.Рютте шинэ дүрэм журмуудыг чандлан мөрдөхийг ард иргэддээ уриалаад, бид халдвар хамгааллын дэглэмийг хэрхэн сахихаас цаашдын нөхцөл байдал шалтгаална гэжээ. Өнгөрсөн долоо хоногт Нидерландад “COVID-19”-ийн өвчлөл өмнөх долоо хоногийнхоос 39 хувиар, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн тоо 50 хувиар өссөн байна.

Сэтгэгдэл бичих