Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Сүхбаатар” хөлөг онгоцны хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг хангуулах, цаашид аялал жуулчлал, музей болгож ашиглах саналаа танилцуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад үүрэг болгосон байна.
Мөн уг онгоцыг татан гаргахад оролцож буй алба хаагчдыг урамшуулах асуудлыг шийдвэрлэхийг Батлан хамгаалахын сайдад даалгав.
Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор Хөвсгөл нуурт 1985 онд живсэн “Сүхбаатар” хөлөг онгоцыг гаргах ажил энэ оны аравдугаар сарын 1-нд эхэлсэн юм. Уг ажилд ОБЕГ, ЗХЖШ, Нийслэлийн болон Орхон, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар зэрэг байгууллагын 120 гаруй алба хаагч оролцож байна.
Засгийн газрын хуралдааны товч мэдээ:
· Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгох, түүнд батлан даалт гаргах, хүүг нь нөхөн төлөх, санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмыг шинэчлэн баталлаа.
· Бүгд Найрамдах Турк Улсын Анкара хотноо 2021 оны арваннэгдүгээр сарын 16-нд зохион байгуулагдах Эдийн засаг, худалдааны Монгол Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны есдүгээр хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн удирдамжийг зөвшөөрлөө.
· “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг баталлаа.