Халдвар аваад эдгэрсэн иргэд 21 хоногийн дараа вакцин хийлгэж болно

оруулсан Алсын Хараа

Эрүүл мэндийн сайдын 10 дугаар сарын 26-ны А/642 дугаар тушаалын дагуу дархлаажуулалтын бүрэн тун болон нэгдүгээр тунд хамрагдаад халдвар авсан, өвдөөд эдгэрсэн 18-аас дээш насны иргэд 21 хоногийн дараа III тунд хамрагдах боломжтой болсон. Уг тушаал гарсныг иргэд, олон нийт төдийлөн мэдээгүй, сайн ойлгоогүй байгааг вакцинжуулалтад ажиллаж буй эмч, сувилагч нар хэлж байлаа.

Чингэлтэй дүүрэг дэх дархлаажуулалтын цэгт өнөөдөр 12 цагийн байдлаар 47 иргэн вакцин хийлгэхээр иржээ. Тус цэг ажлын өдрүүдэд 9.00-17.00 цагт,  бямба гарагт 10:00-15:00 цагийн хооронд иргэдэд үйлчилж байна.

Ингэхдээ дүүрэг, харьяалал харгалзахгүйгээр вакцин хийж буй юм.

Тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн вакцины сувилагч Д.Мандахгэрэл, “Манай дүүрэг дэх вакцинжуулалтын суурин цэгээр үйлчлүүлж буй иргэдийн 95 гаруй хувь нь III тунд хамрагдаж байна. Өнөөдөр 12 цагийн байдлаар 47 иргэн дархлаажуулалтын вакцин хийлгэлээ. Эдгээр иргэдээс нэг иргэн хоёрдугаар тунд хамрагдсан бол үлдсэн 46 нь "Вероселл" болон "Файзер"-ын вакцинаас сонгон III тунгаа хийлгээд байна. Мөн манай цэгээр БНХАУ, Тайвань, Вьетнам улсын  иргэд үйлчлүүлэн, дархлаажуулалтад хамрагдаж байгаа. Ихэвчлэн нэг, хоёрдугаар тунгаа Монгол Улсад хийлгэсэн иргэд III тунгаа хийлгэхээр ханддаг. Эхний хоёр тунгаа өөр улсад хийлгэсэн бусад орны иргэдэд гадаад паспортынх нь дагуу шаардлагатай мэдээллийг бүртгэн, үйлчилж байна” гэв.

Дархлаажуулалтын вакцин хийлгэж болохгүй иргэд бий. Тухайлбал, Харьяа дүүрэг, хорооныхоо өрхийн эмчийн хяналтад байдаг, эмчийн үзлэгээр вакцин хийлгэж болохгүй гэсэн заалттай иргэд юм.

Дархлаажуулалтын вакцин хийхээс өмнө иргэдийн амин үзүүлэлт, цусны даралт, биеийн халууныг хэмжих бөгөөд биеийн байдал хэвийн тохиолдолд вакцин хийхийг зөвшөөрнө. Даралт ихтэй өндөр настнууд вакцин хийлгэхээс өмнө даралтын эмээ уун, цусны даралтаа тогтворжуулахыг эмч, сувилагч нар зөвлөлөө.

Сэтгэгдэл бичих