Бөхийн төрлүүдийн 23 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 11 дүгээр сарын 1-7-нд Сербийн нийслэл Белград хотноо болж байна.
Энэхүү 4 дэх удаагийн тэмцээнд оролцох манай багийн түрүүч Белград хотноо очжээ. Монголоос чөлөөт бөхийн төрөлд 5 эрэгтэй, 2 эмэгтэй тамирчин, Дархан-Уул аймаг, “Хасу-Мегастарс” клубийн дасгалжуулагч, спортын мастер Ё.Батдарханы удирдлага дор хүч үзнэ. Монгол бөхчүүд өмнө нь 23 хүртэлх насны ДАШТ-ээс 2 мөнгө, 8 хүрэл, нийт 10 медаль хүртээд байгаа юм.
Белградыг зорьсон бөхчүүдийг танилцуулахад, эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Батхуягийн Мөнх-Эрдэнэ (Төгс), 61 кг-д Нармандахын Наранхүү (Хасу-Мегастарс), 70 кг-д Болдбаатарын Сандуйжадамба (Хангай хүчтэн), 79 кг-д Дамжингийн Батзул (Хасу-Мегастарс), 92 кг-д Дагвадоржийн Оргилох (Хасу-Мегастарс) нар барилдах бол эмэгтэйчүүдийн 53 кг-д Мөнхбатын Мөнхгэрэл (MJ клуб), 68 кг-д Энхсайханы Дэлгэрмаа (Хасу-Мегастарс) нар ур чадвараа сорино.