Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцины гуравдугаар тунд иргэдийг идэвхтэй хамрагдахыг өнөөдөр уриаллаа.
Урлаг, соёл, спортын үйл ажиллагааг өнөөдрөөс нээж байгаатай холбогдуулан Засгийн газар, УОК, НОК, ЭМЯ-наас хэвлэлийн хурал хийсэн юм. Тодруулбал, срёл урлаг, спортын үзвэр үйлчилгээг танхимын 50 хувийн дүүргэлттэй нээхээр шийдвэрлэсэн. Ингэхдээ, үйлчилгээ авах иргэн түргэвчилсэн шинжилгээнд хамрагдах, эсхүл вакцины гуравдугаар тунд хамрагдсан байх шаардлага тавих юм.
Хэвлэлийн хурлын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, өнгөрсөн хугацаанд нийт зургаан удаагийн хатуу хөл хорио тогтоосныг тэмдэглээд, үүнээс улбаалж Монгол Улсын эдийн засаг түүхэндээ хоёр дахь удаагаа хасах баланс руу агшсаныг тодотгов. Тодруулбал, 1992 оны нийгэм шилжилтийн үед -9.2 хувь руу унаж байсан бол цар тахлын нөлөөгөөр 5.2 хувь агшиж байгааг дурдав. Ингэснээр, 250 мянган ажлын байр бодит эрсдэлд орж, 120 мянган ажлын байр шууд байхгүй болсон байна.
Урлаг, соёл, спортын үйл ажиллагааг танхимын 50 хувийн дүүргэлттэй эхлүүлж байгаа нь тэмдэглүүштэй өдөр гэдгийг Ерөнхий сайд онцоллоо. Тэрбээр, "Зургаан удаагийн хөл хориотой өнгөрсөн нэг жилийнхтэй харьцуулбал, одоо нэг нөхцөл байдлаар ялгаатай байна. Тодруулбал, вакцины нэгдүгээр тунд иргэдийн 69.3 хувь, хоёрдугаар тунд 65.8 хувь, гуравдугаар тунд 416 мянга буюу зорилтот бүлгийн иргэдийн 23 хувь хамрагдсан байна. Одоогоор манай улс иргэдийн хамгийх их тариулахыг хүссэн файзер вакцины 2.8 сая тун нөөцтэй байгаа. Саяхан вакцин тасарч байсан бол одоо гуравдугаар тунгийн нөөц бүрдүүлж чадлаа. Дэлхий даяар одоо ч хатуу хөл хориотой, эдийн засгаа нээж чадаагүй, вакцинд иргэдээ хамруулж чадаагүй улс орнууд бий. Харин Монгол Улс цаг алдалгүй вакцинжуулалтаа эхлүүлж, энэ боломждоо тулгуурлан хичээл, сургуулийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Манай улс вакцинжуулалт эхэлсэн цагаас хатуу хөл хорио тогтоогоогүй. Тиймээс вакцины гуравдугаар тунд хамрагдах нь туйлын чухал зүйл" хэмээсэн юм.
Тэрээр, цар тахлын улмаас дэлхий даяар боловсрол, гадаад харилцаа, тээвэр логистикийн салбарыг хүнд нөхцөлд оруулж буйг дурдав. Тухайлбал, дэлхий даяар логистик тээвэр 8 дахин буурсантай холбогдуулан бараа бүтээгдэхүүний хомсдол, үнийн хөөрөгдөлтэй нүүр тулнаг гэдгийг сануулаад, хүнд сорилтыг даван туулахад нэгдмэл итгэл үнэмшилтэй, шуурхай арга хэмжээ авах шаардлагатайг тэмдэглэв.
Мөн иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагынханд вакцины гуравдугаар тундаа идэвхтэй хамрагдаж, аль болох хөл хорио тавихгүй, энгийн амьдрал руу шилжиж, дасан зохицох бодлогод үе шаттай шилжихийг уриаллаа.
Цаашид гуравдугаар тунгийн хамрагдалт 50 хувьд хүрвэл Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг "Шар" түвшинд хүргэж бууруулахаар төлөвлөж байгааг мэдэгдлээ.