Монгол Улсын хэмжээнд коронавирусний нэг, хоёрдугаар тунд хамрагдаагүй зорилтот бүлгийн 200 мянга гаруй иргэн байгаа нь халдварын тоо нэмэгдэх эрсдэл дагуулж буйг Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр мэдээлэв.
Тодруулбал, Засгийн газар, УОК-оос коронавирусний нөхцөл байдал, төрөөс хэрэгжүүлж буй бодлогын талаар яг одоо хэвлэлийн хурал хийж байна.
Өнөөдрийн байдлаар нийт хүн амын 69.3 хувь нь коронавирусний вакцины нэгдүгээр, 65.8 хувь нь хоёрдугаар тунд хамрагдаад байна. Харин гуравдугаар тунг 18-аас дээш насныханд хийж буй бөгөөд 416 012 иргэн хамрагдсэн гэдгийг Шадар сайд С.Амарсайхан хэвлэлийн хурлын эхэнд онцлов. Монгол Улсын хэмжээнд коронавирусний нэгдүгээр тунд хамрагдаагүй 116 мянга, хоёрдугаар тунг хийлгээгүй 103 мянган иргэн байна. Энэ нь халдвар нэмэгдэх эрсдэл үүсгэж байгааг Шадар сайд хэллээ.
Тэрбээр, “Цар тахлын хүнд үеийг даван туулахад Засгийн газрын бодлого шийдвэрийг дэмжиж ирсэн иргэддээ талархал илэрхийлье. Салбарын эрдэмтэд, ДЭМБ-аас цар тахал ойрын жилүүдэд арилахгүй гэдгийг хэлж байгаа. Иймд хөл хорио тогтоохгүйгээр дасан зохицож ажил амьдралаа үргэлжүүлэхийг зорьж байна. Тухайлбал, энэ оны есдүгээр сарын нэгэнд хичээл сургалтыг цахим, танхим хослуулан эхлүүлж, боловсролын хоцрогдлыг арилгах зорьж байгаа” хэмээв.
Үргэлжлүүлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлаа танилцуулж байна. Мэдээллийг дэлгэрэнгүй хүргэх болно.
Ташрамд дурдахад, Монгол Улс энэ оны хоёрдугаар сарын 23-наас насанд хүрсэн хүн амаа коронавирусний эсрэг вакцинжуулалтад хамруулж эхэлсэн. Харин 12-оос дээш насныхныг зургаадугаар сарын 28-наас вакцинжуулж эхэлсэн юм.