43 дугаар долоо хоног буюу өнгөрсөн долоо хоногт халдварын тохиолдол тодорхой хэмжээгээр буурсан бөгөөд өдөрт дунджаар 2318 хүн халдвар авчээ. НЭМГ-ын дарга Б.Бямбадорж Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо буурч, гэрийн хяналтад эмчлүүлж буй иргэдийн тоо нэмэгдсэн тухай мэдээлэв.
Өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 650 хүн эмнэлгээс гарч 609 хүн эмнэлэгт хэвтжээ. Харин дархлаажуулалтыг явуулын 40 баг, суурин 39 цэгт нийт 339 эмч, ажилтан хийж байна. Нийслэлийн хэмжээнд “Ковид 19” халдвараар өвчилсөн иргэдийг эмчлэхээр 46 эмнэлэгт 6019 ор дэлгэн, тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа. Нийт орны 253 нь эрчимт эмчилгээнийх бөгөөд үлдсэн 5686 нь энгийн ор юм.
Аравдугаар сарын 31-ний байдлаар эмнэлэгт яаралтай хэвтэн эмчлүүлэх шаардлагатай нэн хүнд 244 иргэн байгааг дүүргийн эрүүл мэндийн төвүүдээс мэдээлжээ. Өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан эмийн багц олгосон дүн мэдээг НЭМГ-аас нэгтгэж байгаа бөгөөд Баянгол дүүргийн 22 өрхийн эрүүл мэндийн төв нийт 40.211 иргэнд эмийн багц олгосон байна. Бусад дүүргийн эмийн багцтай холбоотой нэгдсэн дүнг гаргахаар НЭМГ ажиллаж байна.
Коронавируст халдварын тусламж, үйлчилгээнд эм ханган нийлүүлэх найман байгууллагаас 31 нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийг хангадаг. Одоогоор эм, эмнэлгийн хэрэгслийн 7-10 хоногийн нөөц бий гэдгийг тэрбээр мэдээллээ.