ААН, байгууллагын энэ оны улсын тооллого эхэлж буй талаар ҮСХ-ноос өнөөдөр мэдээллээ. Энд энэ оны 10 дугаар сарын 1-нээс өмнө Монгол Улсын нутаг дэвсгэрт үүсэн байгуулсан өмчийн бүх хэлбэрийн ААН, байгууллага, хувиараа хөдөлмөр эрхлэгчид хамрагдах юм.
Монгол Улсын Статистикийн тухай хуульд заасны дагуу ҮСХ 5 жил тутамд ААН-үүдийг тоолдог. Энэ удаагийн ээлжит тооллогыг нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдалтай уялдуулан 100 хувь цахим хэлбэрээр “toollogo.1212.mn” сайтаар өнөөдрөөс эхлэн энэ оны 12 дугаар сарын 1 хүртэл зохион байгуулж буйг ҮСХ-ны дарга Д.Лхамсүрэн тодотголоо.
Цахимаар хамрагдах боломжгүй хувиараа хөдөлмөрч эрхлэгч, иргэд 75331212 утсаар холбогдон хамрагдах боломжтой аж.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгэлгүй улс төрийн нам, сууц өмчлөгчдийн холбоо (СӨХ), олон улсын байгууллагыг хамруулахыг мөн онцоллоо.
Энэ оны 3 дугаар улирлын байдлаар Монгол Улсын хэмжээнд 215 мянган ААН, байгууллага бүртгэлтэй байна. Хувиараа хөдөлмөр эрхлэгч 200 орчим мянган иргэн байна.
Энэ удаагийн тооллогод хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг хамруулж буй нь хувийн хэвшлийнхний нарийвчилсан “Нэгдсэн мэдээллийн сан” бий болгох, улмаар бодлого, төлөвлөлтөд ашиглах боломж бүрдэнэ гэж байна.