Олон улсын сонирхогчдын боксын холбоо /AIBA/-ны эрэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Серби улсын нийслэл Белград хотноо 6 дахь өдрөө үргэлжилж байна.
ОУХМ Г.Ган-Эрдэнэ урд шөнө 48 кг-ын жинд шөвгийн 16-д Германы Кристофер Гомантай тулалдан 5:0-ээр илүүрхэн ялснаар шөвгийн наймд Беларусийн Яахени Кармилчуктай 11 дүгээр сарын 2-ны орой тулалдахаар болов.
Харин 63,5 кг-д ОУХМ Б.Мишээлт Тайванийн Лай Чу-Энтэй тулалдан ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа. Өнөөдрийн байдлаар манай баг тамирчдаас 57 кг-д ОУХМ Х.Энх-Амар эхний шатанд Казахстаны Серик Темиржановт 5:0-ээр, 51 кг-д ОУХМ Х.Энхмандах Азербайжаны Масуд Юсифзадад 4:1-ээр тус тус ялагдсан. Мөн 60 кг-д 2 дугаар тойрогт О.Тулга Финландын Арслан Хатаевтай тулалдаж ялагдсанаар тэмцээнээ дуусгасан.
Харин 67 кг-д ОУХМ Б.Чинзориг эхний шатанд Италийн Винчензо Мангиакапретэй тулалдан 5:0-ээр ялж шөвгийн 16-д шалгарсан. Тэрбээр Мексикийн Марко Эрнандез Алвидрезтэй 11 дүгээр сарын 1-ний орой тулалдана.
Мөн 54 кг-д Азийн залуучуудын аваргын хүрэл медальт Э.Баярсайхан Тайландын Утайда Патифаныг 5:0-ээр ялж шөвгийн 16-д шалгарлаа. Тэрбээр шөвгийн 16-д Барбадосын Жабали Бридитэй өнөө /10.31/ орой тулалдана.
Харин 71 кг-д О.Бямба-Эрдэнэ эхний шатанд Тайландын Порепат Еасундентэй тулалдан 4:1-ээр ялснаар шөвгийн 16-д шалгарлаа. Тэрбээр ОХУ-ын Вадим Мусаевтай өнөө шөнө тулалдана.