Урлаг, соёл, спортын үйл ажиллагааг танхимын 50 хувийн дүүргэлттэйгээр нээх Засгийн газрын шийдвэр 11 дүгээр сарын 01 буюу өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.
Тодруулбал, Засгийн газрын энэ сарын 27-ны хуралдаанаар дээрх шийдвэрийг гаргасан юм. Мөн үеэр гадаад улс орнуудтай хийх нислэгээ нээж, тогтворжуулахыг холбогдох сайд нарт үүрэг болгосон юм.
Коронавирусний эсрэг вакцины гуравдугаар буюу сэдээх тунг зорилтот бүлгийн 50 хувь хийлгэсэн тохиолдолд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын “улбар шар” түвшинг “шар” болгож бууруулах хэрэгтэйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдааны үеэр онцолж байсан юм. Өчигдрийн байдлаар нийт хүн амын 69.3 хувь нь нэгдүгээр, 65.8 хувь нь хоёрдугаар тунд хамрагдаад байна. Харин гуравдугаар тунг 18-аас дээш насныханд хийж буй бөгөөд 414 276 иргэн хамрагджээ.
Ташрамд дурдахад, Засгийн газраас төрийн байгууллагуудыг Шинэ жилийн баяр тэмдэглэхийг хориглоод байгаа билээ.