Өнөөдөр Монголын 3 боксчин Белградын рингэнд тулалдана

оруулсан Алсын Хараа

Серби улсын Белград хотноо сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/ 5 дахь өдрөө үргэлжлэн явагдана.

Монголын баг тамирчдаас 54 кг-д Э.Баярсайхан Тайландын Патифан Уфайда / Patiphan Uthaida/-тай эхний тулаанаа хийнэ. Түүнийг ялахад Унгар, Барбадосын тамирчдын хэн ялсантай тулалдах юм. Түүний хэсэгт Узбекистан, Японы боксчид хүлээж байгаа.

Эхний тойрогтоо өрсөлдөгчөө ялсан О.Тулга /60 кг/ өнөөдөр Финландын Арслан Хатаевтай тулалдана. Хатаев эхний тойрогт Израилын Бишара Саббарыг 4:1 ялсан юм. Финланд залуу 2019 оны ДАШТ-д шөвгийн 8-д шалгарч байсан. Оросын чечень гаралтай, 23 настай боксчин. 2015 онд Европын залуучуудын АШТ-д мөнгөн медаль хүртсэн.

Харин 71 кг-д ОУХМ О.Бямба-Эрдэнэ эхний тойрогт хийлсэн бөгөөд өнөөдөр Таиландын Пийрапат /Peerapat Yeasungnoen/-тай өрсөлдөнө. Таиланд залуу эхний тойрогт Польшийн Доминик Кидаг 5:0 ялсан. О.Бямба-Эрдэнэ түүнийг ялахад Серби, Оросын тамирчдын хэн ялсантай таарна.

Өчигдөр 67 кг жингийн 2 дахь тойргийн тулаанууд болж ОУХМ Б.Чинзориг Лондоны олимпын хүрэл медальт, 2011 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2015 оны Европын наадмын мөнгөн медальт, Европын АШТ-ий хүрэл медальт Италийн Винченцо Манджакапретай хүч үзэж 5:0-ээр илүүрхэн яллаа.

Б.Чинзориг эхний тойрогт Гватемалын Карлос Тобартай  тулалдаж 4:1-ээр ялсан юм. Харин 3 дугаар тойрогт Мексикийн Марко Эрнандестай таарсан. Марко энэ ДАШТ-д эхний хоёр тойрогт Унгар, Кенийн тамирчдыг 5:0-ээр тус тус ялжээ.

Түүний жинд дэлхийн хошой хүрэл медальт, Казахстаны Аблайхан Жусупов юм. Б.Чинзориг Мексикийн тамирчинг ялбал Жусуповтой тулалдана.

Сэтгэгдэл бичих