АН-аас Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-г Захиргааны хэргийн шүүхэд өгч буйгаа өнөөдөр мэдэгдлээ. Энэ талаар тус намын дэд дарга Д.Ганбаяр АН-аас долоо хоног бүр зохион байгуулдаг 4:11 хэвлэлийн хурлын үеэр онцлов.
Тус намаас энэ сард болсон УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэг, Хэнтий аймагт болсон нөхөн сонгуулийн дүнг хүчингүй хэмээн үзэж, СЕХ-нд шаардлага хүргүүлсэн юм. Тодруулбал, нөхөн сонгуулийн ирц нэмэлт санал хураалт явуулсан ч 50 хувьдаа хүрээгүй. Гэтэл СЕХ нөхөн сонгуулийн дүнг зарласан нь Үндсэн хуулиар иргэдэд олгосон сонгох, сонгогдох эрхийг зөрчсөн үйлдэл хэмээн АН үзэж, шүүхэд ханджээ. Улмаар СЕХ-г хууль зөрчсөн байж болзошгүй хэмээн үзэж, шалгуулахаар ТЕГ-т хүсэлт хүргүүлсэн байна.
Ташрамд дурдахад, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар Сонгинохайрхан дүүргээс Д.Сумъяабазар сонгогдсон. Улмаар орон нутгийн сонгуулиар МАН нийслэлд үнэмлэхүй олонхын суудал авч, тэрбээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ажиллаж байна. Мөн сонгуулиар У.Хүрэлсүх Хэнтий аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон ч энэ онд болсон Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд ялалт байгуулан, эдүгээ Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Иймд дээрх хоёр тойрогт нөхөн сонгууль явуулсан юм.
Нөхөн сонгуулийн ирц Сонгинохайрхан дүүрэгт ирц 48.89 хувь, Хэнтий аймагт 46.65 хувь байсан. Хэнтий аймагт нийт санал өгсөн сонгогчдын 73.03 хувийн буюу 17 264 иргэний саналыг МАН-аас нэр дэвшсэн Ц.Идэрбат авсан бол Э.Батшугар Сонгинохайрхан дүүргийн сонгогчдын 51 хувь буюу 28 537 иргэний санал авч, УИХ-ын гишүүний тангараг өргөн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд буй юм.