Ч.ХҮРЭЛБААТАР: ЧИНГИС ХААН БАНКНААС 130 ТЭРБУМ, ҮХОБ-НААС 100-ААД ТЭРБУМ ТӨГРӨГӨӨ ЗАСГИЙН ГАЗАР СҮҮЛИЙН 3 ЖИЛ АВЧ ЧАДАХГҮЙ БАЙГАА

оруулсан Алсын Хараа

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийг хэлэлцэх үеэр Сангийн сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Чингис хаан банк болон Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас Засгийн газар сүүлийн гурван жилд мөнгөө авч чадахгүй байгаад анхаарч ажиллах шаардлагатай байна хэмээлээ.

Ч.Хүрэлбаатар: “Чингис хаан банканд байгаа, НДС-ийн үлдэгдэл 100 тэрбум төгрөг авч чадахгүй байгаа. 100 гаруй тэрбум төгрөгөөс өгч байна уу? Эрүүл мэндийн даатгалын сангийн 30 тэрбум төгрөг бас тэнд байгаа. Үндэсний хөрөнгө оруулалтын банканд “Эрдэнэт үйлдвэр”-ийн 44 тэрбум төгрөг бий. Авч чадахгүй л байгаа. “Эрдэнэс Тавантолгой”-н 27 тэрбум төгрөг байгаа. Энэ мөнгөнүүдийг авах талаар та бүгд ямар санаачилга гаргаж байгаа вэ?  ЭМД-ын сан мөнгөгүй болох гээд байна гээд байгаа. Үндэсний хөрөнгө оруулалтын банкан дээр Эрүүл мэндийн даатгалын сангийн 24 тэрбум төгрөг байгаа” гэлээ.

Түүний асуултад УУХҮ-ийн сайд Г.Ёндон “Эрдэнэс Тавантолгой компанийн хувьд 27 биш, 53 тэрбум төгрөгийн үлдэгдэл Үндэсний хөрөнгө оруулалтын банканд байгаа. Сүүлд авсан мэдээллээр хуваарь гаргаад, хуваарийнхаа дагуу төлбөрөө хийгээд явж байгаа.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн хувьд 45 тэрбум төгрөг байгаа гэж байсан. Одоо “Эрдэнэт үйлдвэр” Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг шүүхэд өгнө гэсэн байр суурьтай болсон гэдгийг хэлэв.

Нийгмийн даатгал, ЭМД-ын сангийн тухайд “Чингис хаан банканд Нийгмийн даатгал, ЭМД-ын сантай холбоотой 130.7 тэрбум төгрөг байгаа. 2.174 тэрбум төгрөгийн барилга байшин өгсөн” гэсэн хариултыг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат өглөө.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Чингис хаан банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банканд сүүлийн 3 жилд Засгийн газар мөнгө байршуулаагүй. Гурван жилийн хугацаанд мөнгөнүүдээ авч чадахгүй байгаа юм. Авах ажиллагаа хангалтгүй явж байгаа юм байна. Үүн дээрээ анхаарал тавьж ажиллана аа” гэдгийг анхааруулав.

Сэтгэгдэл бичих