Монгол Улс, ОХУ дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд нийт 92 ажил төлөвлөн хэрэгжүүлж байна.
Уг ажлын явц, он дуусахаас өмнө хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар өнөөдөр Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд И.К.Азизов нар хэвлэлийн хурал хийлээ.
Дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын ард түмэн олон улсын харилцааны өрнөл, хувьслаас шалтгаалсан олон том сорилт бэрхшээлийг хамтын хүчин чармайлт, хамтын тэмцлээр даван туулж, дайны дараах бүтээн байгуулалтад гар нийлэн шаргуу хөдөлмөрлөсний дүнд мартагдашгүй түүхийг бүтээсэн гэдгийг Дэд сайд болон Элчин сайд нар хэвлэлийн хурал хийх үедээ онцолсон юм.
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров нар энэ оны хоёрдугаар сард утсаар ярихдаа Дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх ажил эхэлснийг зарласан. Нийт 92 ажил хийхээр төлөвлөж, хоёр улсын төр, засгийн байгууллагууд, дипломат төлөөлөгчийн газрууд, орон нутгийн захиргаа зохион байгуулж байна.
Тухайлбал, Хоёр улсын төрийн тэргүүн нар дөрөв, долоодугаар сард утсаар ярьсан. Улмаар зургаадуггаар сард Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-д албан ёсоор айлчилж, Петрбургийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцсон. Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон ОХУ-ын Холбооны Зөвлөлийн Гадаад хамтын ажиллагааны хороо хоорондын цахим уулзалтыг 10 дугаар сард зохион байгууллаа. Монгол цэргүүд тавдугаар сарын 9-нд буюу Ялалтын баяраар ОХУ-ын Улаан-Үд хотод болсон ёслолын жагсаалд оролцож, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр зургаадугаар сард ОХУ-д ажлын айлчлан, “Сэлэнгэ-2021” хамтарсан цэргийн сургуулилтыг Төв аймагт зохион байгуулсан.
Харин наймдугаар сард хоёр улсын бизнес эрхлэгчдийн уулзалтыг, есдүгээр сард “Спецмаш-2021” Оросын хөдөө аж ахуй, зам засварын техникийн төрөлжсөн үзэсгэлэнг Улаанбаатар хотод зохион байгууллаа.
Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой мөн энэ жил тохиож буйтай холбогдуулан гуравдугаар сард цуврал ажил хэрэгжүүлснээс гэрэл зургийн үзэсгэлэнг Шадар сайд С.Амарсайхан нээж мэндчилгээ дэвшүүлэн сансрын нисгэгч Ж.Гүррагчаа танилцуулсан билээ. Үүнээс гадна Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг “Хамтдаа 100 жил” цахим буухиаг энэ жилийн турш зохион байгуулж, хоёр улсын төр, засгийн байгууллагын төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид, залуучуудын төлөөлөл оролцсон.
Харин энэ сарын 19-нд ГХЯ, Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэн болон ОХУ-ын Байгалын Улсын Их сургууль төгсөгчдийн холбоо хамтран “Монгол-Оросын хамтын ажиллагаа: 100 жил” эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулж, УИХ-ын дарга Г.Занданшатар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азиков нарын хүндэт зочноор оролцлоо.
Хоёр улсын харилцааны түүхийн талаарх ойлголтыг олон нийт, эрдэмтэн судлаачид, оюутан сурагчдад өгөх үүднээс ГХЯ-наас эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран судалгаа, мэдээллийн томоохон бүтээл, тодруулбал “Монгол, Оросын харилцааны он цагийн товчоон”, “Зуун дамнасан нөхөрлөл” гэсэн номуудыг гаргаж байна. Мөн хоёр улсын утга зохиол сонирхогчдод зориулан “Орчин үеийн Оросын зохиолуудын орчуулгын түүвэр” “Орчин үеийн Монголын зохиолуудын орчуулгын түүвэр” хэмээх номуудыг илүү олон хувиар хэвлэж, түгээжээ.
100 жилийн ойн гол өдөр болох 11 дүгээр сарын 5 болоход цөөн хоног үлдэж байна. Үлдсэн хугацаанд дараах ажлыг зохион байгуудахаар төлөвлөөд байна. Үүнд:
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохиож буй “Зууны түүх-зуун онцлох үйл явдал” гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр Уран зургийн галарейд нээлээ. Дараагаар нь МУИС зэрэг байгууллагад үргэлжлүүлэн гаргана.
11 дүгээр сарын 2-нд Гадаад харилцааны яам, Монголын Шинжлэх Ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэн хамтран Монгол-Оросын харилцаа: түүх, орчин үе ба хэтийн төлөв” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна.
11 дүгээр сарын 2-нд Гадаад харилцааны төв архив, Архивын Ерөнхий газар хамтран хоёр улсын харилцааны тухай түүхийн архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэнг нээнэ. Уг үзэсгэлэнг мөн их дээд, сургуулиудад үргэлжүүлэн гаргана.
11 дүгээр сарын 4-нд ОХУ-ын Хойд Осетийн “Алан” Улсын бүжгийн ансамблийн тоглолтыг Соёлын өргөөнд зохион байгуулна
11 дүгээр сарын 5-нд 100 жилийн ойд зориулсан маркийн нээлт, хүлээн авалт болно.
11 дүгээр сарын 12-нд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ ойд зориулсан хүлээн авалтыг Москва хотноо зохион байгуулна. Харин энэ он дуусахаас өмнөдээд, өндөр түвшний харилцан айлчлал зохион байгуулахаар хоёр талаас төлөвлөж байна..