Өчигдөр Хятад улсад коронавирусний халдвар авсан 39 тохиолдол бүртгэгдсэнээс 35 нь дотоодын, 4 нь гаднаас зөөвөрлөгджээ. Гаднаас зөөвөрлөгдсөн халдвар Тяньжин, Шанхай хотууд болон Шаньдун, Гуанси мужуудад тус бүр нэг тохиолдол гарсан байна. Харин дотоодын гаралтай халдварын хувьд, Өвөр Монголын өөртөө засах оронд 19 /Альшаа аймагт 18, Шилийн гол аймагт 1/, Гуйжоу мужид 4, Гансу мужид 4, Бээжин хотод 2, Хэбэй мужид 2, Хунань мужид 2, Шаньси мужид 2 тохиолдол бүртгэгдлээ. Хятадад сүүлийн өдрүүдэд дотоодын гаралтай халдварын тархалт нэмэгдэж байгаа ба одоогоор 11 мужид халдвар гараад байна.
Хятадад халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг 3-р сар хүртэл чангатгаж магадгүй
Хятад улсад дотоодын бүлэг аялал жуулчлалаас үүдэлтэйгээр коронавируст халдварын тархалтын цар хүрээ нэлээд өргөжөөд байна. Улмаар тус улс халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг ирэх оны 3-р сар хүртэл чангатгах төлөвтэй байна.
Өчигдрийн байдлаар, дотоодын халдвар нийслэл Бээжин хот болон 11 мужид тархаад байгаа ба энэ удаагийн давалгаагаар нийт 133 хүн халдвар аваад байна. Тус улсын Соёл, аялал жуулчлалын яамнаас муж хоорондын аялал жуулчлалын урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн даруй чангатгаж, өндөр, дунд эрсдэлтэй бүс нутгуудад муж дамнан бүлгээр аялах үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргав. Шанхай хотын бүлэг аялал жуулчлалаас үүдэлтэй халдварын тархалтын цар хүрээ өргөжсөнтэй холбоотойгоор чангаруулсан арга хэмжээг ирэх оны 3-р сар хүртэл хэрэгжүүлж магадгүй байна.
Тодруулбал, энэ сарын дундуур Шанхай хотоос ӨМӨЗО, Гансу мужууд руу автомашинаар аялсан 7 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчдаас бүгдээс нь халдвар илэрсэн бөгөөд тэдний дайран өнгөрсөн хот, мужуудаас халдварын тохиолдлууд бүртгэгдсээр байна. Өчигдрийн байдлаар нийтдээ 133 хүн халдвар авсны 106 нь дээрх аялал жуулчлалын бүлэгтэй холбоотой хүмүүс байгаа юм. Халдварын тохиолдол цаашдаа улам нэмэгдэх магадлалтай байна.
Бээжин хотод гэхэд л 15 халдвар бүртгэгдсэн бөгөөд хотын удирдлагаас том хэмжээний хурал, семинар, муж дамнасан аялал жуулчлал, өндөр дунд эрсдэлтэй бүс нутгуудаас иргэдийг нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авчээ. Ирэх оны 2-р сард болох Бээжингийн өвлийн олимпыг амжилттай зохион байгуулахын тулд Хятад улс чангаруулсан дэглэмийг ирэх оны 3-р сар хүртэл үргэлжлүүлнэ хэмээн зарим мэргэжилтэн үзэж байна.